Олны анхаарал татсан хэргүүдийг хянаж, шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж буй талаар тоймлон хүргэж байна. Онцолбол, өнөөдөр (2023.10.25) Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох товтой.



Т.БАДАМЖУНАЙ ХАХУУЛЬ ӨГЧ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ, МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНӨӨДӨР БОЛНО

Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр товлоод байна.

Эргэн сануулахад, “Шувуу” ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас баривчлан, Монгол Улсад авчран саатуулсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг нь прокурорт хүргүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Түүний тухай бичсэн “Т.Бадамжунайг шүүхэд Монголын шүүх балчирдах уу” нэртэй редакцын нийтлэлийг ЭНД дарж уншина уу.



ШҮҮХЭЭС 9.6 ЖИЛИЙН ЯЛ СОНССОН Ц.ХУЛАН СУЛЛАГДАХЫГ ХҮСЧ БАЙНА

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно. Тодруулбал, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улмаар 2023 оны долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ц.Хулан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргаж, шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн билээ. Энэ үед Ц.Хулан болон түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. 

Ц.Хулан өдгөө 461-р хорих ангид ял эдэлж буй. Тэр өөрийгөө хэрэг хийгээгүй талаар дурдаж, шүүгчдийг хэн нэгэн дарамтлахгүй бол удахгүй суллагдана гэх агуулга бүхий захидлыг хорих ангиас бичсэн байв. Захидал өчигдөрхөн /2023.10.24/ өдрийн сонинд нийтлэгдсэн билээ. Энд дарж уншина уу. 



Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ
ЭНЭ САРЫН 30-НД ДЭНСЛЭНЭ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг аравдугаар сарын 30-нд хийхээр болсон. Тодруулбал, тэдний гэм буруугийн шүүх хурлыг өнгөрөгч есдүгээр сарын 28-нд хийх товтой байсан. Гэвч яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос үүдэж эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Гэвч тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа юм. 

Есдүгээр сарын 28-ны шүүх хуралдааныг бид тоймлон хүргэсэн. Мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу