Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Р.Даваадоржтой ярилцлаа.

-Дэлхий амгалан бус, энд тэндгүй тэмцэл, мөргөлдөөн гарч, жагсаал цуглаан тасрахгүй байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ойрын жишээ дурдахад, Ойрхи Дорнодод байдал хурцадмал, энгийн иргэд амиа алдаж, “цус урссаар” байгаад санаа зовохгүй байх аргагүй юм. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?   

-Израиль, Палестины хоорондын зэвсэгт мөргөлдөөн дэлхийн зах зээлд гэнэтийн зүйл болж, одоогоор Израилийн санхүүгийн зах зээл хамгийн ихээр хохирсон дүнтэй байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр хоногийн дараа Даваа гаригт нэг ам.доллар 3.923 шекел болж, Израилийн мөнгөн тэмдэгт бараг найман жилийн доод түвшинд хүрч буурсан. Улмаар Израилийн Төв банк сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа валютын интервенц хийсэн тухай мэдээлсэн. Мөн эрчим хүчний зах зээлд мэдэгдэхүйц хөдөлгөөнүүд гарч байна. Мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол бий болж, газрын тос, байгалийн хийн үнэ өссөн.

-Мөргөлдөөн даамжирвал дэлхийн зах зээлд ямар эрсдэл учрах вэ?

-Газрын тосны үнэ болон нийлүүлэлтийн сүлжээ доголдох нь тодорхой байна. Одоогоор Палестин, Израилийн мөргөлдөөн дэлхийн эдийн засгийн өсөлтөд хараахан заналхийлээгүй байна. Гэвч мөргөлдөөнд оролцогчдын жагсаалт өргөжиж, газрын тосны томоохон экспортлогчид үүнд татагдан оролцвол байдал эрс өөрчлөгдөж магадгүй юм. 1973 онд энэ бүсэд өрнөсөн дайн дэлхийн түлшний анхны хямралыг өдөөж, барууны орнууд Ойрхи Дорнодоос газрын тос нийлүүлэхэд хориг тавьж, үнэ нь дөрөв дахин өсөж байсан. Тиймээс Израиль-Палестины мөргөлдөөн түүхий эдийн үнэд нөлөөлөх ноцтой аюултай гэж үзэж байна. Мөн алт зэрэг эрсдэлээс хамгаалдаг түүхий эдийн эрэлт нэмэгдэх нь гарцаагүй юм.

“ӨНГӨРСӨН 2022 ОНД УЛСЫН ТӨСӨВ 1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГЭЖ
ИРГЭДЭЭ МОЛИГОДСОН”

-Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Зарим эдийн засагчдын “УИХ-ын сонгуульд зориулагдсан төсөв боллоо” гэсэн дүгнэлттэй та санал нийлж байна уу?

-Санал нийлнэ. Энэ жилийн төсвийн зарлага 27 их наяд төгрөгийн босго давж, Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр төсөв боллоо. Өнгөрсөн жилийн төсвийг өргөн барьж байхад Монгол Улсын түүхэнд анх удаа 20 их наядын босго давсан төсөв өргөн барилаа хэмээн шуугиж байсан. Удалгүй тодотголоор 1.8 их наяд төгрөг нэмсэн. Харамсалтай нь, хэдхэн сарын дотор энэ тоо 5 их наядаар нэмэгджээ. Иймд иргэд, эдийн засагчид “Сонгуулийн төсөв боллоо”, “Хэтэрхий данхайсан төсөв болсон байна” хэмээн дүгнэж байна. Миний хувьд бодлогогүй, тооцоо судалгаагүй, зөвхөн УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өргөх, сонгуульд сонгогчдын саналыг өөртөө авах өчүүхэн эрх ашгийн үүднээс татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан, ирэх оны хагас жилээс эхлэн валютын ханшийг хөөрөгдөх, инфляц нэмэх, дунд хугацаанд өрийн дарамтыг нэмэгдүүлж, улсын хөгжилд саад тотгор болохуйц төсөв болсон гэж дүгнэж байна.

-Төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 230 хувиар илүү байна гэсэн тооцоолол эдийн засагчид гаргасан. Бид байнга төсвөө алдагдалтай баталсаар өнөөдөртэй золгож байна. Үүний сөрөг үр дагаврын талаар ярихгүй юу?

-2020 онд 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наядын алдагдалтай төсөв баталсан. 2022 онд 1 их наядын алдагдалтай гэж иргэдээ молигодсон. 2022, 2023 онуудад төсөв өргөн барихдаа Ирээдүйн өв сангийн хууль дагуулж оруулж ирээд, хуулиа олонхиороо хүч түрэн өөрчилж байгаад, тус сангийн 1.4 их наяд төгрөгийг аваад хэрэглэчихсэн. Үүнийгээ олон нийтэд хэлээгүй. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 2030 оноос цаашаа ашиглах ёстой хөрөнгийг ийнхүү эрх баригчид хэт олноороо бярдаж, “мэс хүргэсэн”. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээсээ хулгайлсан. Ингээд алдагдал бууруулж буй гавьяа шагналаа орон даяар хулгайн мөнгөөрөө санхүүжүүлж, бөмбөгдөөд өнгөрсөн. Гэтэл бодит байдал дээр ийм их хэмжээний алдагдал үйлдвэрлэж, эдийн засгаа хорлосон парламент Монголын түүхэнд байгаагүй.

-Өргөн бариад буй хуулийн төсөлд тусгасан Засгийн газрын өрийн асуудал анхаарал татаж байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад ямар байна вэ?

-2020 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсын засгийн газрын өр 25 их наяд байсан бол энэ тоо дөрвөн жилийн дараа 32 их наяд болсон. 2024 онд 35 их наяд болно гээд сая өргөн барьсан төсөвт тооцоолсон байна. Тэгэхээр энэ нөхдүүд дөрвөн жилийн хугацаанд 10 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэж. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ ханш “тэнгэрт хадсан”. Монгол Улсын эдийн засаг өсөх хамгийн таатай үе байв. Ийм ээлтэй үе өнгөрсөн 30 жилд тохиож байсангүй. Улсаа өр ширээс гаргах, улс орноо урагшлуулах хэрэгтэй чухал бүтээн байгуулалт хийх алтан сайхан боломжууд эрх баригчдын буруу бодлогын үр дүнд нүдэн дээр үгүй болчихлоо. Дэндүү харамсалтай. Хэлэх ч үг алга.

“НИЙТ 241 АРГА ХЭМЖЭЭГ ЦАРЦААХАД 927 ТЭРБУМ ТӨГРӨГ
ХЭМНЭХ
БОЛОМЖ БАЙНА”

-УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын урамшууллын 2 хувийг 5 болгох санал гаргасныг 100 мянган иргэн дэмжжээ. Улсын эдийн засаг талаасаа харвал энэ хэр боломжтой вэ? Зарим нь алдагдалтай гэж буруушааж буй бол нэг хэсэг нь ямар ч алдагдалгүй, харин ч улсад орлого орно гэсэн байр суурь илэрхийлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Том зургаар нь харвал, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаа хүссэнээр өөрчлөөд байх нь сайн зүйл биш. Иймээс ч эрх баригчид олон янзын тайлбар тавьж байна. Би 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтыг нэг бүрчлэн үзээд, нийт 1050 төсөл арга хэмжээнээс элдвийн зөвлөх үйлчилгээ, зураг төсвийн бэлтгэл хангалт, соёлын төв, эко жорлон гэх мэт 241 арга хэмжээг л царцаахад 927 тэрбум төгрөг хэмнэх боломж байгааг анзаарсан. Ноднингийн төсөв дээр яг ийм өнөө маргаашдаа чухал биш, 540 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын арга хэмжээ байсан. Жилээс жилд нэмэгдэж байгаа биз. Тиймээс 100 мянган иргэнийхээ талд би хатуу зогсоно. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах санаатай гишүүд үүнийг хүсэхгүй болов уу. Монголын нийт 3.5 сая иргэн, 130 мянган аж ахуйн нэгжийн төлдөг татварын ачааллыг багасгах нь барууны үзэл баримтлалтай намын гол зорилго. Энэ татварыг 2015 оны үед Ардчилсан нам санаачилж, орлогыг бүртгэлжүүлж, далд эдийн засгийг илрүүлэх зорилгоор баталсан юм. Харин эрх баригчид өөрсдийнхөө хэдэн дарга нарын тансаглалд зориулдаг болгож хувиргасныг тухайн үед хэн ч мэдээгүй.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийн гол амин сүнс нь юунд байна вэ?

-Манай улс баялгийн менежментийн цэгцтэй, тууштай бодлогогүй явж ирсний уршгаар байгалийн баялгийнхаа өгөөжийг хангалттай хүртэж чадахгүй, хойч үедээ үлдээх өвгүй, улс орныхоо хөгжлийг тэтгэж чадахгүй явж ирсэн. Олон арван их наядын хөрөнгөтэй гэх ч эдийн засгийн үр өгөөж муутай, төрийн нэртэй намын өмч эдийн засагт давамгайлж, хувийн хэвшлийн хөгжил, чөлөөт зах зээлийг боомилон, авлига гаарч, улмаар ардчилалд аюул занал учруулах болсон. Эрх баригчдын өргөн барихаар бэлтгэж буй Баялгийн тухай хууль яг өмнөх алдаагаа давтах, сонгуульд зориулсан хууль байгаа талаар сонссон учраас манай намын эдийн засагчид өнгөрснөө дүгнэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг Засгийн газарт өргөн бариад, сар гаруй болж байна. Тус хуулийн амин сүнс гэвэл, Баялгийн сан эрх мэдэлтнүүдээс ангид байх, мөн халамжийн сан биш байх, төсвийн хоёрдогч халаас биш байх гэсэн зүйлсийг нэрлэж болно. Удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар танилцах боломж гарч ирнэ. Нэг зүйлийг дурдахад, 2024 оны сонгуулийн сонгогчдын саналыг “худалдан авах” хэрэгсэл биш байх тал дээр онц ихээр анхаарсан.

-Ирэх сонгуулиар бид цоо шинэ хэлбэртэй нүүр тулж, 126 гишүүн сонгоно. Энэ талаар та ямар бодол тээж явна вэ? 

-Миний хувьд гишүүдийн тоо чухал биш. Мөнгөний сонгууль биш байж, улс орныхоо төлөө ажиллаж чаддаг боловсролтой, туршлагатай, эдийн засгийн тодорхой мэдлэгтэй хүн сонгож чадсан тохиолдолд УИХ-ын 76 ч ахадсан тоо. Мөнгө гаргаж, санал худалдаж авсан гишүүд төсвөөс, төрийн өмчит компаниудаас хумсалж, сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж авахыг зорилго болгож байна. Тиймээс маш муу төсөв, мөнгөний бодлого хэрэгждэг. Ингэснээр инфляц нэмэгдэж, валютын ханш өссөнөөр сонгогдохдоо танд өгсөн таван цаасаа гишүүд нь мянга дахин үржүүлээд, эргүүлэн авч байна. Ийм л учраас улс нь өртэй, иргэд нь ядуу тарчиг, аж ахуйн нэгжүүд нь дампуурах өндөр эрсдэлтэй дөрвөн жилийг өнгөрөөж байна шүү дээ.

“ХОЁР ТОЛГОЙТОЙ ҮХЭР”-ИЙН ОНИГООНД ИТГЭДЭГ ҮНДЭСТЭН БАЙЖ,
ХӨГЖИЛ ДЭВШЛЭЭР БУСДААСАА ХОЛ ТАСАРХАЙ ҮЛДЭЖ БОЛОХГҮЙ”

-Эрх баригчид эдийн засаг өслөө л гэж яриад байна. Бодит амьдрал дээр иргэдийн, ялангуяа гэр хорооллын алслагдсан дүүргийнхний аж амьдрал улам дорджээ. Тэднийг “аврах” зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо төр засгаас ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Иргэд талхаа таллаж, боорцог ширхэгчлэн, худалдаж биш, өр тавьж авч байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Өнгөрсөн найман жил дараалан тэлсэн төсвийн уршиг ингэж гардаг. Төсөвт суусан 6.2 их наядын хөрөнгийн зардал валют болж, гадагшаа урсана. 21.3 их наядаар тооцсон урсгал зардлын ихэнх нь валют болж, гадагшаа гарна. Өөрөөр хэлбэл, валютын ханш огцом өсгөх төсөв өргөн барьжээ. Ийнхүү нийт инфляцын тал хувийг бүрдүүлж буй валютын ханшаа хөөрөгдөх нь инфляцаа нэмнэ гэсэн үг.

-Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийн хэмжээг нэмнэ гэсэн. Өмнө нь ч нэг бус удаа нэмсэн. Энэ удаад улс орны эдийн засгийн бодит байдал үүнийг “даах” болов уу?  

-Сонгуулийн өмнө 200 мянга гаруй төрийн албан хаагчийн цалин, 425 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмэх нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль, улс орны эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр мөн. Ойрын гурван жилд тэтгэврийг гурван удаа нэмсэн ч тэр шийдвэр үнэ хөөрөгдөж, иргэдийн амьдралд наалдсангүй. Харин улам бүр ядуурсаар байгааг анзаарахгүй байна, энэ эрх баригчид. Инфляц өснө гэдэг дундаж давхрагаа улам бүр үгүй болгож, тэтгэврийн ахмадууд, ядуу иргэдийнхээ амьдралыг тэсэхийн аргагүй болгох харгис бодлого. Нөгөө талаас нь харвал, тэлсэн төсөв Монголбанкны бодлогын хүүг улам бүр чангаруулж, арилжааны банкууд өндөр хүүтэй эрсдэлтэй зээл гаргахын оронд Төв банкны үнэт цаасыг худалдан авах шийдвэр рүү шахагдана. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй учраас үйл ажиллагаагаа зогсоож, дампуурлаа зарлахаас өөр сонголт үгүй болно гэсэн үг.

-“Зөөвч овоо”-гийн ураны төсөл ирэх оноос хэрэгжих нь тодорхой болж байх шиг байна. “Оюу толгой”-г гадныханд найр тавин өглөө гэсэн хардлага, шүүмжлэл дахин давагдахгүй байгаасай гэж хэлэх ч хүн байна. Уран эдийн засгийн “аврал” мөн үү?

-Зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төсөл. Эрчим хүчний хувьд хараат биш байж, улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа хүн бүр энэ төслийг дэмжих ёстой. Эрх баригчдын гялтайх ганц ажил бол энэ гэж хэлмээр байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх улс орнууд цөмийн технологи ашигласны хүчинд ийм өндөрлөгт гарсныг бид харсаар байж “хоёр толгойтой үхэр”-ийн онигоонд итгэдэг үндэстэн байж, хөгжил дэвшлээр бусдаасаа хол тасархай үлдэж болохгүй шүү дээ.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу