“Ernst & Young” (EY) зөвлөх компани “Хэрвээ АНУ, Иран хоёр Израиль, Хамас  хоорондын мөргөлдөөнд оролцвол газрын тосны үнэ торх нь 150 ам.долларт хүрч өсөх эрсдэлтэй. 2024 онд мөргөлдөөний хурцдадмал байдал намжих ч дэлхийн эдийн засагт хохирол учирсан хэвээр байх болно” гэж үзэж буй талаараа мэдээлжээ.

Тус зөвлөх компанийн ахлах эдийн засагч Грег Дако “Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадвал Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 150 ам.долларт хүрч өсөх магадлалтай” гэсэн таамаг дэвшүүлснийг “Business Insider” уламжлав.

Мэргэжилтэн нөхцөл байдлын цаашдын төлөвийн талаарх гурван хувилбарыг нэрлэжээ. Хамгийн гутранги хувилбар гэвэл Израиль, Хамас хоорондын дайн дуусахгүй, ирээдүйд АНУ, Иран хоёр улсыг оролцуулна гэж таамагласан байна. Энэ тохиолдолд Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 50 ам.доллароор өсөж, 150 ам.доллар орчимд дөхөж очиж болзошгүй. Улмаар хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэж, VIX индекс дор хаяж 15 нэгжээр өснө гэж үзэж байгаа аж.

Тэрбээр “2024 онд Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний үр нөлөө бага зэрэг сулрах ч дээрх хувилбар богино хугацаанд хэрэгжсэнээр дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учирч болзошгүй юм. Тодруулбал, дэлхийн бодит ДНБ-ий өсөлт ирэх оны эцэс гэхэд 1.4 хувь буюу 2 их наяд ам.доллараар буурч болзошгүй. Санхүүгийн нөхцөл байдал мөн огцом чангарч, дэлхийн хөрөнгийн зах зээл 20 хувиар унаж, ам.долларын ханш 10 хувиар өсөх магадлалтай” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу