Хятадын эрх баригчид сүүлийн хоёр сарын турш олны өмнө үзэгдээгүй Ли Шанфуг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь албан ёсоор огцруулжээ.

Тус улсын төрийн мэдлийн CCTV өнгөрсөн Мягмар гарагт Лиг мөн Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Засгийн газрын танхимын дээд албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдээлжээ.

Шийдвэрийг тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хороо баталсан гэж CCTV мэдээлэв. Тус хороо Лигийн залгамжлагчийг нэрлээгүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон Ли наймдугаар сарын сүүлчээс хойш олны өмнө гараагүй бөгөөд түүний хувь заяаны талаар таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

Энэ оны долоодугаар сард Гадаад хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Чинь Ган зэрэг цэргийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулсны дараа Ли Шанфуг ийн огцруулсан байна. Чинь Ган, Ли Шанфу нарыг мөн Мягмар гарагт Төрийн зөвлөлийн албан тушаалаас чөлөөлжээ.

Ши Жиньпин барууны орнуудтай байдал улам хурцдаж байгаа энэ үед эрх баригч Коммунист намд учирч буй аливаа аюул заналхийлэл, эмзэг байдлыг арилгахыг зорьж,  үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх кампанит ажлыг эрчимжүүлсэн байна.

Бээжин энэ долоо хоногт гадаадын батлан хамгаалахын төлөөлөгчдийг хүлээн авахаар бэлтгэж буй. Энэ үед Ли Шанфуг огцруулснаар Хятад улс Батлан хамгаалахын сайдгүй болжээ. Түүнийг тоног төхөөрөмж худалдан авах, хөгжүүлэхтэй холбоотой авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар “Reuters” агентлаг өнгөрсөн сард мэдээлсэн билээ.

Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Хятад-Африкийн аюулгүй байдлын чуулганы үеэр олны өмнө харагджээ.

Хиймэл дагуул, пуужин хөөргөх төвөөс ажлын гараагаа эхэлсэн сансрын инженер, генерал Ли Шанфуи цэргийн болон улс төрийн элитүүдийн эгнээнд жигдхэн өгсөж чадсан нэгэн. 2018 онд тэрбээр армийн техник хэрэгсэл хөгжүүлэх хэсгийг ахалж байхдаа Оросын байлдааны нисэх онгоц, зэвсгийг худалдан авсан хэргээр АНУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээнд өртөж байжээ.

Чинь Ганы хувьд Хятадын Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж эхэлснээсээ хойш долоон сарын дараа огцорсон. Түүний огцрох болсон шалтгааны талаар адил олон нийтэд мэдэгдээгүй боловч “Wall Street Journal” сонин түүнийг АНУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан хэмээн эх сурвалжийн мэдээллээс эш татан мэдээлжээ.

Үүнээс хойш удалгүй цөмийн зэвсгийн асуудал эрхэлсэн элит нэгжийн хоёр удирдагч солигдсон нь “цэвэрлэгээ” хийж байна гэх таамаглалыг олон нийтийн дунд бий болгосон байна.

Хятадын Ардын чөлөөлөх армийн пуужингийн хүчний ангийг удирдаж байсан генерал Ли Ючао болон түүний орлогч нар албан тушаалаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэл гарахаас өмнө мөн хэдэн сарын турш “алга болсон” байна.

Эх сурвалж: CNN, BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу