Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэрэгт буруутгагдан, шүүхээс 9 жил 6 сарын хорих ял сонссон, яруу найрагч Ц.Хулангийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.25/ Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд 10:00 цагаас эхэлсэн.

Гэвч Ц.Хулан шинэ өмгөөлөгч авсан учир шүүх хуралдааныг ирэх сарын 1-нийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр тэрбээр гурван өмгөөлөгчтэй болж буй юм. 

Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улмаар 2023 оны долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.

Ц.Хулан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргаж, шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 10-нд нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Энэ үед Ц.Хулан болон түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, улмаар шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу