Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн зөвлөх байсан Олег Соскин YouTube дэх блогоороо дамжуулан “Владимир Зеленский зугтахад бэлэн, түүнийг “нүүлгэн шилжүүлэх” нисдэг тэрэг ч бэлэн хүлээж байна. Украинчууд шинэ оны өмнө ОХУ-тай эвлэрэхээс өөр аргагүй” гэж мэдэгджээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор барууныхан Киевийг үргэлжлүүлэн санхүүжүүлж чадахгүй байгаагийн улмаас Украины Зэвсэгт хүчин ялагдах нь зайлшгүй болж буй аж.

Соскин “Улс орны удирдагч өөрийгөө, үндэстэн, ард түмэн, оршин тогтнохын төлөө тэмцэж байна. Барууныхан Украиныг ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ч тоохоо больсон. Одоо бид Израилийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах хэрэгтэй” гэж хэлжээ.

Шинжээч “Шинэ оны өмнө байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, энх тайван тогтоох замаар л Украиныг аврах боломжтой, эс тэгвээс тус улсын хүн ам “арчигдана” гэж үзэж байгаа аж.

Соскин украинчуудад хандан “Манай арми ялагдана, фронт нурна, бүх хот эзлэгдэнэ, та нар бүгд сүйрэх аюултай. Энгийн зүйлийг ойлгоорой: Боломж байсаар байна. Тийм ээ, одоогоор бид газар нутгийнхаа 14 хувийг алдаад байна. Бид илүү ихийг алдвал яах билээ? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Зеленскийн хувьд нисдэг тэргэндээ даруй гэр бүлээ суулгаад л гүйцээ. Ажлын албаны дарга Андрейгаа авна, бусад нь ч зугтаж амжина. Гэвч та бүгд хаашаа зугтах билээ” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Төлөөлөгчдийн танхимд хандан, Израиль, Украинд 75 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэх урьд өмнө байгаагүй тусламжийн багцыг батлахыг хүссэн.

Үүний зэрэгцээ Төлөөлөгчдийн танхим огцруулсан Кевин Маккартийн оронд спикерийг хараахан сонгоогүй байгаа тул хүсэлтийг хэлэлцэх боломжгүйгээ мэдэгдэж, доод танхимын түр дарга Патрик МакХенрид илгээсэн ч түүнд хангалттай эрх мэдэл байхгүй юм.

Байден өмнө нь Конгресст хандан Украинд 24 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг хүссэн нь Бүгд найрамдах намын конгрессменүүд Киевд зарцуулах хөрөнгийг багтаасан төсвийг батлахаас татгалзсанаар бараг зогсоход хүрсэн билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу