Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй банк болох хэтийн зорилготой Хас банк 22 жилийн хөгжлийн түүхэндээ Монгол Улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлт бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөсөөр ирсэн. Тиймдээ ч өдгөө тус банк системд нөлөө бүхий таван банкны нэгээр нэрлэгддэг билээ.

ХасБанкны удирдлагууд өчигдөр (2023.10.24) Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүн сэтгүүлчдийг урьж, өглөөний уулзалт хийв. Уулзалтын үеэр ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав банкны 2023 оны гуравдугаар улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, салбарын бусад асуудлаар яриа өрнүүлэв.

Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “2023 онд бидний эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл ихээхэн өссөн. Бид ЖДҮ эрхлэгчдийг түлхүү дэмждэг. Манай улсад эмэгтэй бизнес эрхлэгчид энэ салбарт түлхүү ажилладаг нь нөлөөллөө. Ер нь хэрэглээний зээл авсан эмэгтэйчүүд ч зээлээ цагт нь төлдөг, санхүүгийн сахилга бат сайтай байдаг.

Бодлогын хүү ирэх онд ч 13 хувь буюу өндөр байх магадлал өндөр. Энэ нь хадгаламжийн болон зээлийн хүү мөн өндөр байхад нөлөөлнө. Банкууд зээлийн хүүг өндөр байлгах сонирхолгүй байдаг” гэсэн юм.

ХасБанк 2023 оны III улиралд 39.4 тэрбум төгрөг (өмнөх улирлаас +27.5%)-ийн татварын дараах цэвэр ашигтай ажиллажээ. Жилийн өссөн дүнгээр, татварын дараах цэвэр ашиг нь 101.6 тэрбум төгрөг (өмнөх жилийн мөн үеэс +29.4%)-т, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 96.5 төгрөгт тус тус хүрсэн байна.

Тайлант хугацаанд ХасБанкны цэвэр ашиг Үнэт цаасны танилцуулгад тусгасан санхүүгийн төсөөллийг давж, удирдлагын зүгээс ашигт ажиллагаа нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлсөн хэмээн дүгнэжээ. Үүнд:

Зээл ба санхүүгийн түрээсийн багц өмнөх улирлаас 5.6%, оны эхнээс 30.8% (Иргэдийн сегмент 33.9%, Корпорэйт сегмент 10.7%, Хаслизинг 49.8% тус тус) өссөн нь III улирлын цэвэр хүүний орлогыг 24% буюу 14.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Валют арилжаанаас III улиралд 3.5 тэрбум төгрөгийн орлого олсон нь өмнөх улирлаас 2.7 тэрбум төгрөгөөр илүү дүн болжээ.

Активын чанарын үзүүлэлт нь тогтвортой сайн хэвээр байгаа аж. Нийт зээл болон санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа 3.2% байгаа нь системийн дундаж үзүүлэлтээс даруй хоёр дахин бага үзүүлэлт юм. Активын чанар сайн байгаа нь III улиралд эрсдэлийн сангийн зардлыг хэмнэх боломж олгожээ.

Тайлант хугацаанд ХасБанк Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллажээ. Үүнд:

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 19.9% (байвал зохих хэмжээ 12.5%) байна. Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломж бий болгодог ажээ.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 34.9% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 34.9% болох 1,301.9 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж буй юм байна.

2023 оны III улиралд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

“Оюу толгой” ХХК-тай “Тэтгэвэр/хуримтлалын сан” үйлчилгээний гэрээ байгуулж, тус компанийн ажилтнууд урт хугацаанд тогтвортой өсөх хуримтлал бий болгоход хамтран ажиллаж эхэлжээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр хийсэн байна. Энэхүү хурал 95.55 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр бүрдэж, ХасБанкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 105,270,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоох тухай болон ХасБанк ХК-ийн дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.

Ногоон зээлийн өдөрлөг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур үйлдвэрлэгчид, гэр байшингийн дулаалгын шийдэл болон эко бохирын шийдэл нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн оролцсон бөгөөд ХасБанк жилийн 3%-ийн хүүтэй эко хэрэглээний зээл авах боломж олгожээ.

ЕСБХБ-аас НҮБ-ын дэргэдэх Уур Амьсгалын Ногоон Сан, Япон Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрт ХасБанк оролцож, 25 сая ам.долларын санхүүжилтийг эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгч нарт уян хатан нөхцөлтэйгөөр олгож буй юм байна.

Уур амьсгалын ногоон сантай магадлан итгэмжлэлийн мастер гэрээ байгуулжээ. Ногоон зээл гэдэг нь сэргээгдэх эрчим хүчийг эх үүсвэр нэмсэн, хүлэмжийн хийг бууруулсан, эрчим хүчний зардлыг бууруулсан, түлш зарцуулалтыг багасгасан гэх мэт байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгосон зээл юм.

Хас банк ногоон зээлийн хэмжээг өсгөхийн сацуу өөрсдөө ногоон банк болохыг зорьж, төв оффисын дээвэртээ нарны хавтангууд суурилуулжээ. Мөн орон нутгийн гурван салбарын барилгаа сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа аж.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу