Хятад улсын дарга Ши Жиньпин Лхагва гарагт “Хятад улс АНУ-тай санал зөрөлдөөнөө зохицуулж, дэлхий нийтийн сорилтын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авахын тулд хамтран ажиллахад бэлэн байна” гэж хэлснийг Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.

Тэрбээр Нью-Йоркт төвтэй АНУ-Хятадын харилцааны Үндэсний хорооны жил бүрийн оройн зоог дээр илгээсэн захидалдаа “АНУ, Хятад хоёр эв найрамдлын “зөв” арга замыг тогтоож чадах эсэх нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм” гэж хэлжээ.

Ши Жиньпин “харилцан хүндэтгэлтэй хандаж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа ашиг хүртэх” зарчмаар хоёр орны харилцааг улам тогтвортой хөгжүүлэхийг уриалсан байна.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Вашингтонд энэ долоо хоногийн сүүлээр буюу Пүрэвээс Бямба гараг хүртэл тус улсад айлчлах аж. Энэ нь ирэх арваннэгдүгээр сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ны дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын удирдагч Ши Жиньпин нарын Сан Францискод хийхээр хүлээгдэж буй уулзалтын өмнөх дээд түвшний айлчлал болох аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тэргүүтэй АНУ-ын хэд хэдэн дээд албан тушаалтнууд энэ зун Бээжинд Хятадын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзсан.

Вашингтоны нэн тэргүүний зорилт бол дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай гүрний хооронд ширүүн өрсөлдөөн бий болгож, худалдаанаас эхлээд Тайвань, Өмнөд Хятадын тэнгис хүртэлх олон асуудлаарх санал зөрөлдөөн нь зөрчилдөөн үүсгэхгүй байх явдал ажээ.

Хятадын төрийн хяналтад байдаг “Global Times” сонинд “Ван И-гийн айлчлал хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт хийх боломжийг нээж өгнө гэж Хятадын ажиглагчид үзэж байна. Гэвч Вашингтон Бээжингийн санаа зовниж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тодорхой хүчин чармайлт гаргаж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй” гэж бичжээ.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу