Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан гэх улс төрийн намтартай Л.Наранбаатар намын дарга З.Энхболдынхоо өмнөөс оймс шидсэн цагаас хойш танигдах болсон. Дарханы ах дүү Дашууд түүнийг хөлд оруулсан ах нарынхаа “ах” болсон З.Энхболд руу оймс шидэж томоо харуулж явсан эр. Ер нь өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн зүйл гарч ирвэл оймс байтугайг шидэж чадах л хүн. Монголын иргэн бүр Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэх ёстой хоолойгоо сөөтөл хашхирч ирсэн. Харамсалтай нь хоёр удаагийн сонгуульд АН ялагдаж хүлээж Л.Наранбаатар тойрохоо зуруулж аваад МАН-д хадаг барин очсон байдаг. Хүн бүрд амьдрах арга зам байдаг. Л.Наранбаатарын амьдрах арга нь энэ байсан юм биз. Энэ мөчөөс хойш өнөө 1072 ширхэг хувьцааны үлгэр дууссан байдаг. Бүр цаашлаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн бөөрөнд наалдаад авсан. Ардчилсан намынханынхаа зүхэл, иргэдийн зүгээс ёс зүйгүй байгааг цахим орчинд илэрхийлж байгааг анзаарах сөхөөгүй явсаар Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн захирал болсон.

Очсон газартаа ажил сайжруулдаг бол хамаа алга. Харин ч эсрэгээр нь унагаад байхаар ямар олиг байхав. Барилгын ажил ид үргэлжилдэг зуны улиралд Монгол Улсыг цементээр тасалсан “гавьяа” түүнд хамаарна. Түүнээс болж улсаараа үнэтэй цемент хэрэглэж байсан нь хэдхэн сарын өмнө. Мордохын хазгай гэж үнэхээр байдаг бол Л.Наранбаатар мордохын хазгай болсон хүн юм гэдгийг улсаараа харсан. Улс нь цементгүй зүдэрч, барилгын салбарынхан өөрийг нь зүхэж байхад шонхор шувууны зураг цахимд байршуулж, бэлгэдэж суудаг компанийн захирал хаа байхав. Үйлдвэрийнхээ засварыг хийлгүй хугацаа алдсан, архи ууж ажил тасалсан гэх түүнийг дагасан маргаан хөвөрсөөр байсан. Хулгайгаар төрд авсан Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувь заяаны галаар тэр л наадсан. Энэ бүхэнд харин түүнийг томилуулж илгээсэн МАН-ынхан дуугүй байсан нь бас сонин. Чулуунцарын машинаа засаж чадахгүй хэдэн сарын нүүр үзэж, үнийн эсрэг хямдралын аян зарлаад ч цементийн үнэ буураагүй. Он гарсаар цементийнхээ үнийг нэмээд авна лээ. Хөтөлийн үйлдвэртэй холбоотой асуудал, магадгүй хууль хяналтын байгууллагын шалгалт орж бүдэрлээ гэхэд гарзгүйгээрээ Л.Наранбаатар л аавын хаалга татна. МАН-ынхан үүнийгээ л мэдэхгүй байв гэж. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл түүний алдаа болгоныг нь дуугүй өнгөрүүлж ирсэн.

Хөтөлийн захирал Наба гэх хөөтэй эрийн аяглал үүгээр дууссангүй. Төр шинэ менежментээр авч явна хэмээн амлаж, түүнийг томилсон ч сахил хүртэж чадалгүй шал дордлоо. Ажил авсныхаа дараа хуучин мэргэжилтнүүдийг нь Худалдаа хөгжлийн банкны хүмүүс гээд хөөгөөд явуулчихсан. Шинэ захирал тушаал гаргаж шинэ хүмүүс аваад жил ч бараг болоогүй байна. Гэсэн ч сэтгэлд нь үргэлж сонгууль булиглаж байдаг Л.Наранбаатарын бодол гэнэт эргэж, шинээр ажилд авсан хүмүүсээ эхнээс нь халаад, хуучин хүмүүсээ ажилд аваад эхэлсэн мэдээлэл байгаа юм. Учир нь Хөтөлийн үйлдвэрээр далимдуулан Сэлэнгэ аймагт нэр дэвших бодол тээж явсан ч МАН-аас Сэлэнгэд түүнийг дэвшүүлэх квот олдохгүй. Сиймхий хүлээж байсан түүний хувьд хавцал руу явж байгаагаа гэнэт мэдээд Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам эсхүл бие дааж нэр дэвшихийн тулд халаа сэлгээ хийгээд эхэлсэн талаар ажилтнууд нь ярьж байна. Гэхдээ нүүр буруулж одсон Ардчилсан нам нь түүнийг тосоод авна гэдэг юу л бол. Ингэж л очсон газар бүртээ эрх ашгаа нэн тэргүүнд тавьж явдаг түүний зовлонт сонгууль гэх адын хүсэл нь Ардын намын шинэ хүмүүсээ ажилгүй болгож эхэлснээс үзвэл өөрийг нь томилуулсан Д.Амарбаясгалангаас эхлээд ер нь бүгд хэрэггүй болж байх шиг. Ардчилсан намд З.Энхболдын тэргүүлдэг Шонхор фракциас урваж оймс шидэж чадсан түүний хувьд ороод удаагүй Ардын намынханы өмнөөс энэ байтугайг шидэх болно.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөл дээр нь зогсоо гээд явуултал улс төрд хөлөө олох боломж олдохгүй байна гээд дураараа дургиж байгаа бололтой. Монголын цеменетийн томоохон үйлдвэрхийн нэгээр улс төрд орох гишгүүр болгохыг санаархана гэдэг бас л том амбиц байгаа биз.

3 САНАЛ

  1. Наранбаатар маш урвагч хүн АН байж байгаад өөрт нь албан тушаал өгөхгүй болохоор МАН д урваж өндөгөөр чидүүлэн байж орж ирсэн Одоо нөгөө МАН даа нэр хүндээ алдаад АН байсан Хөтөлийн залуучуудыг бараадах санаа төрсөн бна даа Энэ хүн араас хутга шаах хүн шүү дээ

  2. Nam damjij tugjidej irsen hvn yaj unen setgeleesee uym hiihewdee ugaasaa songuuliin munguu bosgoh gj l hutuld halaa selgee hiij bgaa shdee

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу