“Зангараг”, “Үргээлэг 2”, “Яллагч”, “Ар хударга”, “Хийморь” гэх мэт олон уран бүтээлийн ерөнхий зураглаачаар ажилласан Б.Баатарыг кино сонирхогч, шимтэн үзэгчид эчнээ таних байх. Кино сайн үздэг гэж өөрийгөө хэлж чадахгүй миний бие түүний талаар сонсож явсан ч уулзаж байсан удаагүй юм. Энэ удаад түүнтэй ярилцах боломж гарлаа. 

Тэр телевизийн салбараас ажлын гараагаа эхэлж, өсөж өндийсөөр яваа залуу уран бүтээлч. Өмнө хийснэээсээ давуулан биеүүлэхийг чармайж, шатаж ажилласаар зураглаачийн ажилдаа “ханаж”, найруулагч болохыг зорьж эхэлжээ.

Тэр найруулагч болох урт холын аяллын эхний алхмаа хийж, 2022 онд “Этгээд” хэмээх анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо хийсэн. Эл бүтээл нь “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг кино, Германы Олденбургийн олон улсын кино наадмын “Өвөрмөц, зоримог шийдэл” төрөлд шилдгээр шалгарсан. Мөн энэ жил АНУ-ын Лос Анжелес хотын “Chinese” кино театрт Холливудын уран бүтээлчидтэй хамт нээлтээ хийгээд байна. Түүнтэй ярилцсаныг тухлан уншина уу. 

-Явсан газрын сонин сайхнаар тань ярилцлагаа эхэлье. АНУ-д киногоо нээгээд ирэв үү?

-Дэлхийн энтертайментийн төв, Холливудын нутаг болох АНУ-ын Лос Анжелес хотын “Chinese” театрт анхны бие даасан уран бүтээлийнхээ нээлтийг хийж, Америкийн зах зээлд киногоо гаргачихаад ирлээ. Бүхий л цаг хугацаагаа зарцуулж, эд эсээ шингээн байж хийсэн кино маань биднийг Холливудын тайзанд хүргэсэнд маш их баярлаж байна. 

-Хүүхэд байхаасаа кино уран бүтээл сонирхдог байв уу, хэзээнээс татагдаж эхэлсэн бэ?

-Би айлын дунд хүүхэд л дээ. Ам бүл зургуулаа. Ээж маань “Хүнс трейд” компанид нярав хийдэг байсан юм. Гэрт ямар нэгэн баяр, ёслол болох үед ээж ажлаасаа VHS камер авч ирж, түүгээр нь би бичлэг хийдэг байлаа. Тэр үеэс л татагдаж эхэлсэн. 

-Зураглаачаар суралцсан уу?

-Үгүй. Би зураглаач мэргэжлийг эзэмшээгүй. Арван жилийн сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарсан. Янз бүрийн зүйл хийж явсаар, 2005 онд телевизийн салбарт хөл тавьж байлаа. Түүнээс хойш эвлүүлэгч, графикч, телевизийн найруулагч, зураглаач гэх зэргээр олон юм хийж үзсэн. 2009 онд найзуудтайгаа нийлж, студи байгуулаад, кино руу орсон юм. 

-Олон төрлийн ажил хийж үзсэн гэж байна. Тэдгээрээс яагаад зураглаач дээр тогтож үлдсэн юм бэ?

-Зураглаач бол киноны амин сүнс. Олон зуун хүний хөлс хөдөлмөр зураглаачийн дуранд бууснаар дэлгэцээр дамжиж үзэгчдэд хүрдэг. Энэ ажлыг хийх хүн өндөр хариуцлагатай, мэдрэмжтэй байх ёстой. Олон хүний хөдөлмөр, хүсэл зорилгыг бодит болгож буй учир би энэ мэргэжилд дуртай, хайртай. Тэр хэрээрээ шатаж, өөрийгөө ямагт хөгжүүлэхийг хичээж ажилладаг.

Хийж буй кино бүртээ шинэ зүйл туршиж үзэхийг хүсдэг. Энэ хүсэл минь намайг найруулагч болох байр суурь руу шат шатаар ахиулж явна. Миний эцсийн зорилго бол найруулагч. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж эхэл, хийх цаг чинь болсон гэж байгаа мэт 2022 онд бүх зүйл бүтэж эхэлсэн.

-“Этгээд” киноны талаар хэлж байна уу. Бүх зүйл бүтэж эхэлсэн тухайд тодруулъя?

-Продюсер н.Энхмандах, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр бид гурав кино хийе гэж ярилцаад, хоолын ширээний ард гар барьж салсан. Ингээд би зохиолоо бичиж эхэлсэн. 14 хоногийн дараа зохиол бэлэн болж, зургандаа гарсан юм. Тохироо нь бүрдэнэ гэдэг шиг тэр үед кино хийх бүх зүйл бэлэн байсан учраас шууд л зураг авалтаа хийж эхэлсэн.

-Кино хийх явц хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын сүүл хүртэлх хоёр сарын дотор хийсэн. Өмнө нь би богино хугацаанд кино хийхийг дэмждэггүй, үүний эсрэг үзэлтэй байсан юм. Гэтэл өөрөө киногоо хоёрхон сарын дотор хийчихсэн. Хэдий тийм ч чанаргүй бүтээл гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьж, багаа бүрдүүлж ажилласан. Энэ бүхний эцэст өнөөдөр киноныхоо талаар тантай ярилцаад сууж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэж үлдэх үйл явдлууд болж, монгол кино Венец, Каннын наадамд шалгардаг боллоо. Таны найруулсан бүтээл олон улсын наадмуудаас шагнал хүртэхээс гадна Холливудэд нээлтээ хийлээ. Энэ кино бусдаас юугаараа өөр болоод ийм амжилт үзүүлээд байна вэ гэж олон хүн асуумаар байгаа байх. Та юу хэлэх вэ?

-Энэ ертөнцөд биднийг машингүй, морь унаад л давхидаг нүүдэлчин хүмүүс гэж боддог түмэн хүн байдаг байх. Монгол кино ч бас энэ агуулгыг барьж, морь, мал, дээл гэх зэрэг ахуйн зүйлсийг харуулсан нь олон байдаг. Яагаад заавал ийм ахуйгаа харуулж байж бид олон улсад гарах ёстой гэж. Бид цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаагаа дэлхий дахинд харуулах цаг нь болсон. Нөгөө талаас монголчуудын ахуй соёлыг хүн бүр сонирхохгүй. Харин манай киног хэн ч үзсэн сонирхолтой, ойлгомжтой байх болно. Бас нэг том шалтгаан нь олон улсын продюсингийн “Three flames pictures” компанийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар маш их дэм болсон. 

-Та өөрөө мэргэжлийн зураглаач хүн. Энэ байдал нь таны бүтээл амжилтад хүрэхэд жин дарсан болов уу?

-Маш их нөлөөлсөн. Кинондоо зураглаачийнхаа чадварыг маш их ашигласан. Энэ нь гадныхны сонирхлыг татсан юм билээ. 

-Киноны агуулгын талаар яривал?

-Өнөөгийн нийгэмд хүмүүс аливаа мэдээллийг хүлээж авахдаа өөрийн гэсэн дүгнэлт хийдэггүй болчихсон. Худал, үнэн эсэх нь мэдэгдэхгүй мэдээлэл тараана. Түүнийг нь үнэн эсэхийг нь мэдээгүй байж дагаж хийсдэг. Үүнээс болж хэн нэгэн золиос болж байх вий. Бусдын толгой дээрх өвсийг харж байхаар өөрийн толгой дээрх бухлыг хар  гэдэг шиг эхлээд бид өөр рүүгээ өнгийж, ямар үзэл бодол, үнэт зүйлтэй хүн бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа мэдээлэл авахдаа хувь хүний үнэлэлт дүгнэлт өгч, цензуртэй хандаж сураасай гэж би боддог юм. Энэ агуулгаар л бүтээлээрээ харуулахыг зорьсон. 

-Кино нийгмийг өөрчлөхөд хэр нөлөө үзүүлэх боломжтой гэж та боддог вэ?

-Кино урлаг тухайн нийгэмдээ маш том өөрчлөлт оруулахуйц том нөлөөлөгч байх ёстой. Гэхдээ Монголын кинонууд ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа нь үнэн. Уран бүтээлчид бид үзэгчдийнхээ урд нь алхаж явах ёстой байтал тэгж чадахгүй байна. Гэхдээ үзэгчдээсээ түрүүлж яваа хүмүүс бий. Өмнө нь хэлсэнчлэн манай салбар түүхийнхээ замналаар л хөгжиж явна.

-Гадныхан бүтээлийг нь хэр хүлээж авав?

-Монголынхоо үзэгчидтэй харьцуулахад боловсролын ялгаа гарч байна. Монголчууд боловсролгүй байна гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ асар их боловсролын ялгаатай байдал анзаарагдсан. Манай улс хөгжөөд байна гээд байгаа боловч үгүй юм билээ. Бид өнгөн дээрээ өсч буй мэт харагдавч уг үндэс нь өнөөх л жалгандаа. Гоё ганган машин, өндөр шилэн барилга барихдаа анхаарах биш хүүхэд, залуучуудын боловсролд анхаараасай. 

-Ингэж хэлж буйн шалтгаан нь юу вэ. Боловсролын ялгаа юун дээр ажиглагдсан бэ?

-Аравдугаар сарын 5-нд “Chinese” театрт нээлтээ хийж, маргааш нь “Leammle” театрын дэлгэцнээ кино маань гарч эхэлсэн юм. Кино дуусаад, уран бүтээлчид болон үзэгчдийн дунд асуулт, хариулт явагддаг. Тэр үед үзэгчид бидний анзаараагүй өнцгөөс киног харж, бодоогүй зүйлийг асууж байсан. Ингэж ойлгож, ухаж үзэж байна.

-Монголд ямар гэж?

-Ямар ч мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнөдөггүй. Сайн, эсвэл муу. Тэгээд л бол оо. 

-Монгол кино Холливудад гарлаа. Дэлхийд танигдлаа. Үүний ач холбогдлын тухайд юу хэлэх вэ? 

-Кино уран бүтээлч бүр дотроо Америкийн зах зээлд киногоо гаргах хүсэл тээж явдаг байх. Бид “Этгээд” киногоороо дамжуулж Монголын олон киног Америкийн зах зээлтэй холбох гүүр болж, суурийг нь тавьсан гэж бодож байна. Манай уран бүтээлчид утга агууулга, хийцийн хувьд сайн болсон гэж бодож буй бүтээлээ “Three flames pictures” компанитай холбогдох боломжтой. 

-Дараагийн ажилдаа хэдийнэ орсон бололтой?

-Тийм ээ. Одоогоор пост продакшны шатандаа явж байна. Ирэх оны нэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Гэхдээ “Этгээд” киноны маань аялал дуусаагүй. Ирэх оны хоёрдугаар сар хүртэл уралдаанд оролцоно. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу