“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай нэгтгэх шийдвэр гарсан байдаг. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс силвер ресурс”-ийг татан буулгаж, тус компанийн захирал С.Баярмөнхөөс 2023.07.05-ны өдөр тамга тэмдгийг нь хураан авсан.

Нийт 100 гаруй хүнтэй “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 10 гаруйхан хүнтэй “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай нэгтгэж, Хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэнгийн баруун гарын хүн гэгдэх Ц.Төгсбуян захирлын үүргийг Түр орлон гүйцэтгэж байсан.

Х.Бадамсүрэн Ц.Төгсбуянгаа албан тушаалд нь жинхлүүлэхээр дээр дооргүй хөл алдан гүйж, экс захирал С.Баярмөнх тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирал Эрдэнэчулууны Ууганбаярыг томилуулахаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. “Эрдэнэс силвер ресурс” компани Аудитын шалгалтад бүдэрч, баахан сандарцгаасан.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг эгнээндээ нэгтгэсэн “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Ууганбаяр томилогдоод байгаа аж. Гэвч мордохын хазгай гэгчээр шинээр томилогдсон Э.Ууганбаяр захирлыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Э.Ууганбаярын өмнө нь ажиллаж байсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн худалдан авалт, гэрээ, тендерүүдийг шалгаж эхэлсэн бололтой. Энэ талаар бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу