Бенжамин Нетаньяху Израиль Газын зурвас руу хуурай замаар довтолгоо хийхээр бэлтгэж байгаа ч яг хэзээ эхлүүлэх мэдээллийг нууцалж байгаа аж. Израилийн Ерөнхий сайд Тель-Авиваас телевизээр үг хэлэхдээ “Энэ бол зөвхөн эхлэл” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден израильчууд болон палестинчуудын хооронд “Аравдугаар сарын 6-нд байсан шиг” статус-кво руу буцах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн Мягмар гарагт Израиль болон ХАМАС-ын хоорондын дайны талаар сонсоод “цочрол”-д орсон тухайгаа ярьжээ.

Газа түлшний хомсдолд орж, эмнэлгүүд яаралтай тусламжийн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээг зогсооход хүрсэн байна. Израиль Газад хүрэх түлш шатахууныг хааж, түүнийг нөөцөлсөн гэж ХАМАС бүлэглэлийг буруутгажээ. Газын зурваст түлш шатахууны хомсдолын улмаас ус цэвэрлэх таван байгууламж ажиллагаагүй болж, ундны усны хомсдолыг улам хүндрүүлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) мэдэгдэв.

Тус мэдэгдэлд “Газын зурвасын нийт 2.3 сая хүн ам усны хомсдолд ороод байна. Түлшний хомсдол болон ус цэвэрлэх, түгээх дэд бүтэц эвдрэн сүйдсэнээс үүдэн усан хангамжийн ихэнх систем ажиллахгүй байна” гэж дурджээ.

Газын зурвасын иргэд шаардлага хангахгүй ус хэрэглэхээс өөр аргагүйд хүрснийг ЮНИСЕФ мэдэгдэлдээ онцлов. Түлшний хомсдолын улмаас ус цэвэрлэх таван байгууламж ажиллахгүй болсон тул 120 мянга гаруй шоо метр бохир усыг далайд асгасан нь асуудлыг улам хурцатгажээ.

Өмнө нь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас “ундны усны хомсдол нь Газын зурвасын оршин суугчдын дунд халдварт өвчин дэгдэх, улмаар олон хүний амь эрсдэхэд хүргэж болзошгүй”  гэж анхааруулж байв.

Газын зурваст аравдугаар сарын 7-ноос хойш бараг 6500 хүн амь үрэгдлээ гэж Газын эрүүл мэндийн яам мэдэгдэв. Израиль газар нутгийг бөмбөгдөж байна

ХАМАС-ын Израилийн эсрэг хийсэн анхны дайралтын улмаас 1400 гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд өдгөө 200 гаруй хүн Газад барьцаалагдсан хэвээр байгаа юм. ХАМАС барьцааны хүмүүсийг Палестины хоригдлуудаар солиход бэлэн байгаагаа мэдэгджээ.

Израилийн засгийн газрын хэвлэлийн албанаас “Аравдугаар сарын 7-нд Палестин-Израилийн мөргөлдөөний шинэ шат эхэлснээс хойш гадаадын 2000 гаруй сэтгүүлч Израильд ажиллахаар магадлан итгэмжлэл авах хүсэлт гаргасан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу