Яг хэзээ, хэрхэн танилцсанаа санадаггүй юм. Албан ёсоор гар барьж, нэр нэрээ хэлж, албархаж танилцаагүй л юмдаг. Нэг л мэдэхэд ажлын шугамаар ах, дүү болчихсон, нэлээд олон жилийг үдсэнээ харин мэднэ ээ. Учиргүй их ойртож нөхөрлөөгүй ч, урт урт ийм л намруудыг урт хар цувтай нь хамт үдсэнээ санадаг юм.

Намрын нэг ийм л өдрүүдэд сэтгэл дүнсгэр үлддэг. Үүний нэг нь Со ах минь тэнгэр болсон гэх мэдээ байв. “Арай л эрт явлаа” хэмээн халаглах хүмүүс цахим орчинд өөрсдийн сэтгэлийн үгээ уудалсан байна лээ. Үнээн, яах аргагүй арай л эрт явсан. Ийм л намрын өдрүүдийн сүүлчийн шувуудтай хамт буцчихсан. Алтайн их уулс шигээ дүнхийгээд, алсын алсад тэр л шувуудтай хамт буцчихсан…

Гаднаас нь харахад дүгнэж болдог хүн гэж байдаг бол тэр нь Со ах. Нуруу намхавтар ч эр хүний чанар, ноён нуруу, мэргэжлийн ур чадвараараа хэнээс ч өндөр. Сэтгүүл зүйн салбарт 40 хүрээгүй залуус өөр өөрсдийн өнгөөр орилж, дэвхцэж, ашиг хонжоо, албан тушаалаас зүүгдэх гэж чарлалдаж байхад энэ салбарт 40 жил ажиллахдаа хэн шиг нь ч аяглаж байгаагүй аядуухан нэгэн байж ирсэн. Тэднийг төрөө ч үгүй байхад Со ах энэ салбарт ажиллаж эхэлсэн.

Өнөөгийн залуус амаараа хашхичиж байхад, Со ах үзгээрээ хашхичиж байсан гэж боддог. Түүний “Бүтэн дэлхий” гэж аян замын тэмдэглэлийн номыг уншсан хүн сурвалжлагч болох нэг алхмаа хийсэн гэж үзэж болох байх. Бичих арга барилд суралцах, найруулах, үгийг хэрхэн сонгохоос эхлээд тархиа ажиллуулах хамгийн том гарын авлага гэж боддог юм.

МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр “Бүтэн дэлхий” ном аргамжааны чулуу, овоолсон аргалын дэргэдээс эх дэлхийг тойрч, энэ ертөнцийг ороосон их замын дуулал болжээ хэмээн ам дүүрэн хэлсэн байдаг. Ажлаа жаргаж хийдэг цөөн хүний нэг нь Со ах байсан гэж боддог юм.

Өдөр тутмын сонинынхон Со ахыг “Жинхэнэ газетчик” гэдэг. Монголын өдөр тутмын сонинд өөрийн өнгө аяс, дэг, зарчмаараа аргагүй ялгарч ирсэн нэгэн. Өдөржин бужигнаж, орой нь сонины дугаараа хэвлэлд шилжүүлчихээд суухын жаргалыг дэндүү сайн мэддэг хүн байв. Тонхилын сургуулиасаа торойж, Монголын сэтгүүлзүйд өөрийн мөрийг дархалж үлдээсэн ийм нэг эрхмээр бид дутаж явах нь дээ.

Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс “Өдрийн сонин” гээд цааш үргэлжлэх амь халуун сонины гал тогоонд олон залуусыг зүг дөртэй болгож өгсөн. Со ах хүмүүсийг хашхичиж зандчиж явсныг хараагүй юмдаг. Харин хүнийг загнахгүй ч өөрөөрөө үлгэрлэж, манлайлж явдаг цөөн хүмүүсийн нэг байлаа. Нямбай, чамбай, шаргуу, нуруутай гэдэг үг зөвхөн түүнд л чимэг зүүлт мэт зохидог талаар олон хүний амнаас сонсож байсан. Үнэхээр л тийм хүн.

Говь-Алтай аймгийнхаа “Алтайн хөгжил” сониноос ажлын гараагаа эхэлж, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонины хариуцлагатай эрхлэгч, Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, үндэсний чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулалцаж, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан юм.

Энэ хугацаанд сэтгүүл зүйн бүх төрлөөр 2000 гаруй нийтлэл бичиж, шилдэг бичлэгийн болон уран бүтээлийн уралдааны шагналыг олон удаа хүртэж байсан Монголын сонины сэтгүүл зүйн нэртэй зүтгэлтэн, шилдэг редактор, олон залуусыг сэтгүүлчийн мэргэжилд сургаж, дадлагажуулсан туршлагатай сурган хүмүүжүүлэгч, утга зохиолын яруу найргийн төрөлд өөрийн авьяас билгийг сорьж, олон зуун шүлэг, найраглал бичсэн шилдэг яруу найрагч байсныг нь мэднэ.

Со ахыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байгаад, насны тэтгэвэртээ суухад “Та манай мэдээллийн сайтын зөвлөхөөр ажиллаач. Залуу сэтгүүлч нараа таны гараар бэлдүүлмээр байна. Тань шиг л хүн дутаад байна. Сэтгүүлч хүн ямар байх ёстойг та л хэлж өгч, ойлгуулж чадна” хэмээн хэлэхэд “Ах нь хувийн бүтээлүүдээ цэгцлэх ажил байна. Үүний дундуур танай сэтгүүлч нарт олигтой тусалж чадах болов уу. Нэг номын ажил эхэлсэн. Үүнийг цэгцлээд, ах нь өөрөө танай редакциар зочилно” хэмээн хэлж байсан юм.

Өнгөрөгч зун гэргийтэйгээ буурал Европоор аялж байгаа талаараа хэлэхэд нь “Аян замын тэмдэглэл өгөөрэй, ах минь” гэхэд огт цааргалалгүй долоон цуврал тэмдэглэл бичиж нийтлүүлж байв. “Долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гаргуудад тэмдэглэлээ өгнө” гэж тохироход урд өдөр нь цахим шуудангаар бүх зураг нь тайлбартайгаа, эмх цэгцтэй илгээхэд нь улам их хүндлэх болсон билээ. Ур чадвар, эмх цэгц, дэг журмыг л сэтгүүлч дүү нарт ойлгуулахын тулд Со ахыг урьсан минь тэр байв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Намсрайн Лутбаяр ах “Эвлэлийн Төв хорооны шилэн хоргод байсан Филатова авгайн тавгийг хагалж, Цэнддоог мандуулан, хоёр жилийн үйлдвэрлэлд цөлж, жинхэнэ баатарлаг гавьяа байгуулсан хүн чинь энэ нөхөр байсан юм шүү дээ” хэмээн бичсэн байна лээ. Ийм л амь халуун, сэтгэл нь дулаахан хүн яах аргагүй, Со ах байсан.

Сэтгүүлзүйн салбарын салаа мөчир дээр өөрийн өнгөөр жиргэж байгаад буцсан дууч нэгэн шувуухай гэж боддог. Намрыг үүрч, өвлийг угтахаар унасан навчистай хамт, нарт орчлонг өөрийн өнгөөр үзэгнийхээ үзүүрээр бичиж үлдээсэн Алтайн нэг уул байв. Түүнийг Шаравын Содномжамц гэдэг.

Э.ЭНХБОЛД



Манай сайтад нийтлэгдсэн түүний аян замын тэмдэглэлүүдийг хүргэж байна. 

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР АЯЛСАН НЬ

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР АЯЛСАН НЬ-II

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР-III

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР-IV

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР-V

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР-VI

Аян замын тэмдэглэл: МЯНГАН НУУР, МЯНГАН ОРГИЛЫН ОРНООР-VII

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 сэтгэгдэл

  1. ЭГЭЛИЙН САЙХАН ТУЙЛ, ЭРИЙН САЙХАН ТҮШИГ, ЭРДЭМТЭН ДАРУУХАН НАЙЗ МИНЬ БУРХНЫ ОРОНДОО АМГАЛАН НОЙРСДОО. НАЙЗ НӨХӨД,НУТГИЙН ЗОН ОЛОНДОО МӨНХРӨН ҮЛДЭХ МӨРТЭЙ,НЭРТЭЙ САЙХАН НАЙЗ МИНЬ. 🙏🙏🙏🙏🙏🙏

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу