Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй юм.

Тус бирж 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр төмрийн баяжмалын арилжааг амжилттай эхлүүлсэн бөгөөд 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас хайлуур жоншны баяжмал арилжих захиалга хүлээн авчээ.

Энэ хүрээнд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас 50 багц буюу 3250 тонн хайлуур жоншны баяжмалын арилжааг зохион байгуулахаар болсон байна.

“Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-тай ЭНД дарж танилцана уу.

Монгол Улс хайлуур жоншны арвин их нөөцтэй хэдий ч эцсийн бүтээгдэхүүн болгон орчин үеийн технологиор боловсруулж, нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд гаргаж чадахгүй байгаа юм.

Хайлуур жоншны найрлагын 51.1 хувийг кальци (Ca), 48.9 хувийг фтор (F) бүрдүүлдэг, металл бус эрдэс юм.

XIX зуунд ган хайлуулахад хайлуур жоншийг өргөн хэрэглэдэг байсан бол өнөө үед гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт устөрөгчийн хүчил болон бусад фторт нэгдлүүдийг гарган авахад ашиглаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу