Ойрын өдрүүдэд гал түймрийн нөхцөл байдал нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ)-аас мэдээлэл хийлээ. 

НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “2023 оны эхний арван сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 1300 орчим буюу 80 гаруй хувь нь гал түймрийн дуудлага байна. Үүн дотор ахуйн гал түймэр дийлэнхийг нь эзэлж байна. Иргэд цахилгааны, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс, үнс нурмаа ил задгай асгаснаас, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэж гал гардаг. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллын 20 мянган айл өрхөд хяналт шалгалт хийхэд 6200 гаруй зөрчил илрүүлсэн. Өчигдөр, өнөөдөр Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад шалгалт хийж байна. 

Өнгөрсөн Даваа гарагт Баянзүрх дүүрэгт байрлах хоёр айлд гал түймэр гарч, тус бүр нэг хүн амь насаа алдсан. Өнгөрсөн шөнө нэг айлд гал түймэр гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. 

Эл хэргийн талаар тодруулбал, аравдугаар сарын 25-26-ныг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд гал түймэр гарч буй талаар мэдээлэл 03:48 цагт шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн аврах, гал түймэр унтраах 26-р ангийн алба хаагчид очсон. Энэ айл нь ангиас 3 км-ын зайтай байсан. Тиймээс манай байгууллага хугацаа алдахгүйгээр очсон. Тухайн гал иргэдийг унтаж байх үед гарсан учраас тархсан байсан.

Дуудлагыг хожуу өгсөн гэсэн үг. Тиймээс Баянгол дүүргийн гал түймэр унтраах, аврах 18-р ангийг нэмэлтээр дуудаж, нийт 30 алба хаагч дөрвөн тээврийн хэрэгсэлтэйгээр ажилласан. Улмаар 2 цаг 30 минут ажилласны эцэст галыг бүрэн унтраасан. Гал түймэр гарсан айлд 12 хүн байсны тав нь зугтаж гарч чадсан. Харамсалтай нь, долоо нь амь насаа алдлаа. 

Гал түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан хэргийн газар ажиллаж байна. Тиймээс ахуйн гал түймрээс сэргийлэхийг иргэддээ онцгойлон анхааруулъя. Гал түймэр хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж гардаг.

Хэлсээр байхад гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Бид танд ийм эрсдэл байна, үүнийг аюулгүй болго, үгүй бол танд ийм аюул үүснэ гээд хэлж ярьж, анхааруулж байгаа. Иргэд ахуйн гал түймрээс сэрэмжилж, бидний гаргаж буй зөвлөгөөг амьдрал, ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу