Зам тээвэр, хөгжлийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г амь насаа алдсан. Түүнийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн хэмээн шүүхээс үзэж,  2020 онд 11 жилийн хорих ял оноосон байдаг.

Тэрбээр Нийслэлийн Багануур дүүрэг дэх 427 дугаар хорих ангид ял эдэлж байсан бөгөөд өнгөрөгч есдүгээр сард тус хорих ангийн магадлангаар Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан юм. 

Шүүхийн эл шийдвэрийг Багануур дүүргийн ерөнхий прокурор эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Прокурорын эл эсэргүүцлийг шүүх хүлээн авч, улмаар Б.Махбалыг буцаан хорихоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс энэ талаар тодруулахад “Б.Махбалыг шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүгч прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан. Тэгэхээр Б.Махбалыг буцааж хорино гэсэн үг. Ялын хугацааны талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна” гэлээ. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сануулахад, 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Б.Махбалд уучлал үзүүлж, 1 жил 11 сар 21 хоногийг ялаас нь хөнгөлж байсан. Энэ оны есдүгээр сард Багануур дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Б.Махбалыг ял эдлэх хугацаандаа зан байдлаараа нийтэд аюулгүй болсон хэмээн тайлбарлаад, суллагдахаас нь гурван жил 1 сар 16 хоногийн өмнө магадлангаар гаргасан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу