Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял сонссон Д.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон, ял эдэлж буй билээ. Түүнтэй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаа төлөөлөн очиж уулзжээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Энэ долоо хоногийн Даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр бүлгийн гишүүдээс санаачилж, хорих ангиудад ял эдэлж буй иргэдийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ хүрээнд О.Цогтгэрэл гишүүн болон эл ажлын хэсэгт орж ажиллаж буй хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцсан. 

Д.Мөнх-Эрдэнийн биеийн байдал сайн. Бага зэргийн жингийн алдагдалтай. Сэтгэл санааны хувьд гутралгүй байна лээ. Нийгмийн болж бүтэхгүй асуудлыг лайв хийж, үзүүлдэг сэтгэл зүй нь хэвээрээ. Хэдийгээр эрх нь хязгаарлагдаж, шүүхийн шийдвэрээр шоронд ял эдэлж байгаа ч тэнд буй хууль бус зүйлсийн талаар дуугарч, үгээ хэлээд явж байна. 

Бидний ойлгож байгаагаар, тэнд SWAT гэдэг байгууллага байна. Кинон дээр гардаг тусгайгийнхан шиг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтцэд ийм байгууллага байдаг юм байна. Энэ хүмүүс 413 дугаар хорих ангид очиж, ял эдэлж буй хүмүүсийн биед халдсан.

Явган суулгаж, удаан хугацаагаар хүйтэн шалан дээр суулгаж, цахилгаан бороохойгоор бороохойдож, нүүрээр нь газар мөргүүлсэн гэж Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн. Тиймээс тэр эрхийнхээ дагуу энэ асуудлаар прокурорт өргөдөл бичиж өгсөн байна лээ” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу