Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр, Бээжингийн цагаар 11.14 цагт “Шэньжөү 17” жолоодлогот сансрын хөлгийг “Лонг Март 2F Яо 17” зөөгч пуужингаар Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн талаар мэдээлэв. “Шэньжөу 17” жолоодлогот сансрын хөлөг хөөрснөөс хойш ойролцоогоор 10 минутын дараа  пуужингаас амжилттай салж, тойрог замд оржээ.

Энэхүү сансрын хөлгөөр Тан Хунбо, Тан Шэнжие, Жян Шиньлинь гэсэн гурван сансрын нисэгч сансарт ниссэн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа талаар ССТV мэдээлэв. Багийн командлагчаар сансрын нисэгч Тан Хунбо ажиллах талаар Сансрын жолоодлогот нислэгийн газар (CMSA)-ын дэд дарга Линь Шичян өмнө нь хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

  Шэньжөү-17” хөлөг Хятадын сансрынжолоодлогот хөтөлбөрийн 30 дахь нислэг, сансрын нисгэгчтэй 12 дахь нислэг юм. Багийн гишүүд тойрог замд ойролцоогоор зургаан сар ажиллах аж. Тойрог замд орсны дараа уг хөлөг сансрын станцын “Тяньхэ” үндсэн модулийн урд портод автомат горимд хурдан ойртон залгагдаж, гурван модуль, гурван сансрын хөлгийн хослолыг үүсгэх юм байна.

Хөлгийн багийнхан ирэх оны дөрөвдүгээр сард Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ы “Дунфэн” буух талбайд эргэн ирэхээр төлөвлөжээ. Тэд үүргээ гүйцэтгэх хугацаандаа “Шэньжөү-18” сансрын хөлөг болон “Тяньжөү-7” ачааны хөлгийг хүлээн авах ажээ. Сансрын станцын хувьд одоо бүх тоног төхөөрөмж хэвийн тогтвортой ажиллаж байна. Мөн “Шэньжөү-17” сансрын хөлөг болон “Long March-2F” зөөгч пуужингийн ажиллагаа хэвийн байна гэж Линь Шичян мэдээллээ.

“Шэньжөү-17” хөлгийн багийн гишүүдийн биеийн байдал мөн сайн байгаагаас гадна газрын системийн байгууламжууд хэвийн ажиллаж байна. Пуужинг хөөргөх бүх бэлтгэл ажил дууссан гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. “Шэньжөү-16” хөлгийн багийнхан тойрог зам дахь ажлаа “Шэньжөү-17”-гийн багийнханд хүлээлгэн өгсний дараа аравдугаар сарын 31-нд буцаж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэдний хөлөг “Дунфэн” буух талбайд газардах ажээ.

Эх сурвалж: CCTV, XINHUA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу