Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “Кибер тусгаар тогтнол” форумыг өнөөдөр /2023.10.26/ зохион байгуулж байна.

Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Монгол Улсад интернэт сүлжээ ашигладаг 436,447 өрх байна. 15 ба түүнээс дээш насны иргэдийн цахим аюулгүй байдлын ур чадварыг үнэлэх зорилгоор нийт 6500 өрхийн 9144 иргэний дунд судалгаа явуулсан. Ингэхэд 73 хувь нь кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадваргүй гэж гарчээ.

Форумын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал манай улсад түгээмэл үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн төрлүүдийн тухай мэдээлсэн. Мөн энэ чиглэлд тус яамнаас ямар арга хэмжээ авч буй талаар дурдаж, “Цусаар олсон тусгаар тогтнолоо цахимаар алдаж болохгүй” хэмээн онцлов.

Тэрбээр “Төрийн үйл ажиллагаа цахим болж буйтай зэрэгцэн кибер аюулгүй байдлаа хангах гэдэг маш том асуудал болсон. Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахад манай улс халдлагад өртөж буй тоогоор бараг тав дахин өндөр байна. Цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай мэдээлэлгүйн улмаас иргэд олон төрлийн халдлагад өртдөг.

Зөвхөн иргэд гэлтгүй, төр, хувийн хэвшлийн тэр дундаа банк санхүүгийн салбарын байгууллагууд халдлагад өртөх эрсдэл нэмэгдэж байна. Кибер халдлагын дэлхийн эдийн засагт учруулж буй хохирлын хэмжээ 2023 онд найман тэрбумд хүрнэ гэж тооцоолсон байдаг. Энэ бол үндэстэн дамнасан гэмт хэргийн хохирлын хэмжээнээс ойролцоогоор тав дахин их тоо.

Бид кибер орчинд аюулгүй байдлаа хангах чиглэлд голчлон ажиллахаар зорьж байна. Харин төрөөс бодлогын дэмжлэг үзүүлж байх ёстой” гэсэн юм.

Форумаар кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдах аж. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу