УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Эрүүл мэндийн яам болон Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай хамтран Сэлэнгэ аймгийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулахаар болжээ. Энэ хүрээнд эхний ээлжинд 300 гаруй сувилагч нарыг БНСУ-д богино, дунд болон урт хугацааны сургалтад хамруулах аж. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын уршгаар эмнэлгийн ажилтнууд тэр дундаа сувилагч нар маань сургалтад хамрагдах нь цөөрч, бараг зогсонги байдалд ороод байсан. Иймд олон улсад эмчилгээ, сувилгааны шинэ технологи нэвтэрч байгаатай холбоотойгоор тэднийг өндөр хөгжилтэй орны сувилагч нартай мөр зэрэгцэн суралцах боломжийг миний бие санаачлан бодит ажил болгож байгаадаа туйлын баяртай байна. Сэлэнгэ аймгийн 300 гаруй сувилагч нарыг БНСУ-д богино, дунд болон урт хугацааны сургалтад хамруулахыг зорьж, гурван талт гэрээг үзэглэлээ.

Ийнхүү энэ хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Сэлэнгэ аймгаас эхний ээлжинд мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх 25 сувилагч тун удахгүй тодорч, тус улсыг зорино. Ингэснээр Сэлэнгэ аймгийн эмнэлгийн ажилтнууд дэлхий нийтээр даган мөрдөж буй нотолгоонд суурилсан сувилахуйн чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц эмнэлгийн үйлчилгээг хүн ардад үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү түүхэн хуудсыг нээхэд хамтран ажиллаж байгаа Эрүүл мэндийн яам, Сэлэнгэ аймгийн удирдлагуудад талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Онцгойлон 1971 онд байгуулагдсан 50 жилийн түүхтэй БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуулийн удирдлага хамт олон, тэр дундаа тус сургуулийн профессор Жон Дэ Бум захиралд Сэлэнгэ аймгийн нийт иргэд болон хүн ардын төлөө эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа 1500 гаруй эмч эмнэлгийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу