Газын зурваст амиа алдагсдын тоо нэмэгдэж, Израиль-ХАМАС хоорондын дайн ширүүссээр байна. Израилийн арми тус зурвасын хойд хэсэгт нэг шөнийн дотор танк ашиглан “зорилтот дайралт” хийсэн талаар мэдэгдэв.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайралтын дараа Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хуурай замын довтолгоо хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Израилийн хүчнийхэн Хамас бүлэглэлийн тагнуулын газрын дэд даргыг хөнөөснөө мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гарагт Цагаан ордонд лалын шашинт Америкийн цөөн тооны удирдагчидтай уулзсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд сэтгэл зүтгэл гаргасангүй гэсэн шүүмжлэлд өртсөн байна.

Уулзалтаар Исламофобитэй тэмцэх хүчин чармайлтын талаар хэлэлцэх төлөвтэй байсан гэж эх сурвалжуудын нэг хэлжээ. Байден өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ Исламофобийг буруушаажээ. Цагаан ордон уулзалтын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Израил-Хамас хоорондын дайнд Израилийн тал агаарын цохилтоо өргөжүүлсний улмаас Палестины энгийн иргэд амиа алдсаар буй юм. Израиль Газын Зурваст Хамасыг үндсээр нь устгах зорилгоор хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж, Газын зурвасын иргэдийг өмнөд бүс рүү нүүн шилжихийг дахин шаардсаар байгаа билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей энэхүү дайны эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэхээр өнөөдөр (2023.10.27) ээлжит бус чуулган хуралдуулахаар болжээ. Тус зөвлөл өнгөрсөн долоо хоногт шуурхай хуралдаан хийсэн ч тогтоол баталж чадаагүй. Энэ удаа Йордан болон Арабын бусад улсуудын хүсэлтээр Ерөнхий Ассамблейг ээлжит бусаар хуралдуулахаар болжээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей хамгийн сүүлд өнгөрсөн онд Орос Украинд дайн эхлүүлсний дараа ээлжит бус чуулган хуралдуулсан. Харин Палестины нөхцөл байдлын талаар сүүлийн таван жилд анх удаа ээлжит бусаар хуралдах аж.

Дэлхий дахины аюулгүй, энх тайван байдлыг хангаж, хамгаалах үүрэгтэй Аюулгүйн зөвлөлийн 12 гишүүн уг тогтоолыг дэмжсэн ч байнгын гишүүн АНУ Израилийн өөрийгөө хамгаалах эрхийн талаар тусгаагүй байна гэсэн үндэслэлээр тогтоолд хориг тавьсан.

НҮБ-ын гишүүн 193 улс бүгд Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулганд оролцох боломжтой. Олон улс байр сууриа илэрхийлэх төлөвтэй байгаагаас Арабын улсууд Газын зурваст хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэж буй Израилийн эсрэг шахалт үзүүлэх бололтой.

Катарын Эмир “Газын зурваст дайн өргөжих нь бүс нутгаар зогсохгүй дэлхий нийтэд аюултай тул Израильд палестинчуудын амийг үг дуугүй хөнөөх эрхийг ногоон гэрлээр өгч болохгүй” гэж мэдэгджээ.

Агаарын цохилтын хүрээг өмнөд бүс рүү тэлснээр өчигдөр гэхэд Палестины 140 гаруй  энгийн иргэн амь үрэгдсэн байна. Дайны туршид Газын Зурваст амь үрэгдсэн палестины тоо 5087-д хүрчээ. НҮБ Газын зурвас руу хүмүүнлэгийн, тэр дундаа эмнэлгийн тусламжийг саадгүй, таслахгүй оруулахыг уриалж буй юм.

Өдгөө Газа руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй оруулах зорилготой хэлэлцээ АНУ, Израиль, Египет, НҮБ гэсэн дөрвөн талын дунд болж байгаа билээ. Газа хотын нийт 24 эмнэлгийн 8 нь агаарын цохилтод өртсөн, түлш эрчим хүч, эм хангамжийн дутагдлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрчээ.

Хамас бүлэглэл хоёр өдрийн өмнө дахин барьцааны хоёр хүнийг хүмүүнлэгийн үүднээс гэсэн тайлбартайгаар сулласан байна. Израилийн тооцоолж буйгаар Хамасын барьцаанд 220 орчим хүн байгаа аж.

Америк барьцаанаас илүү олон хүнийг суллуулахын тулд Израилийг хуурай замаар дайны ажиллагаа явуулахаа түр азнахыг шахсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Цагаан ордон Израилийн Хамастай хийж байгаа дайныг дэмжих зорилгоор Ойрхи Дорнодод цэргийн хүчин чадлаа зузаатгаж байгаа гэсэн тайлбар хийжээ.

Иран улс Америкийн стратегийн зэвсэг, цэрэг Ойрхи Дорнодод нэмэгдэж байгаад ихээхэн дургүйлхэж, Америкийн энэ үйлдэл Израиль Хамасын дайныг өргөжүүлэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Францын ерөнхийлөгч Израилтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилгоор Тел Авивд буусан бөгөөд дараа нь Палестинд очих юм байна.

Макрон дайныг бүс нутагт тархаахгүй, барьцааны бүх хүнийг суллах, Израильд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, хоёр тусдаа улс байх шийдлийг урагшлуулах гэсэн дөрвөн саналтай байгаа ажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ өдрөөс эхлэн дэлхий нийтэд бүрэн эрхт Монгол Улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй.

Эх сурвалж. CNN, VOA, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу