Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар байршуулж, үүнийг нь 100 мянган хүн дэмжсэн билээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм. 

Уг саналыг дэмжсэн хүний тоо энэ сарын 23-нд 100 мянга хүрсэн боловч цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар маргааш тодорхой мэдээлэл хийнэ” хэмээн өчигдөр хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг УИХ-аар хэрхэн оруулж, хэлэлцэх талаар тэрбээр өнөөдөр /2023.10.27/ олон нийтэд мэдээлэх аж. 

Сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар эл асуудалд эсрэг байр суурьтай байгаа билээ. 

Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын орлого төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Ирэх жил 28 хувь руу дөхнө. Буцаан олголт 400 тэрбум руу дөхөж очих тооцоолол гарсан. Хэрэв 5 хувь болговол нэмж 600 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Ирэх оны төсөв өргөн барьчихсан, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Ийм үед 600 тэрбум төгрөгийн төсвийн орон зай гаргах ямар ч боломжгүй” хэмээсэн. 

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсынхаа төсөв, санхүүгийн байдлыг доголдуулах санаачилга гарсанд харамсаж байна. НӨАТ-ын буцаалтыг 5% болгоно гэдэг популизм цаашаа шүү” хэмээн ярьсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу