Хятадын Коммунист намын 17, 18, 19 дэх удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Ерөнхий сайд асан Ли Көцян Баасан гарагт Шанхайд таалал төгсжээ.

Түүнд эмнэлгийн бүх тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч амийг нь аварч чадаагүй бөгөөд зүрхний шигдээсийн улмаас аравдугаар сарын 27-ны 00:10 цагт 68 насандаа таалал төгссөн байна.

БНХАУ-ын төрийн зүтгэлтэн, улс төрч, Хятадын Коммунист намын удирдагчдын нэг, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн агсан Ли Көцяныг 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн XII чуулганы I хуралдаанаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд буюу Хятадын Засгийн газрын тэргүүнээр баталж байжээ. Ши Жиньпинтэй хамт түүнийг Хятадын Коммунист намын удирдагчдын тав дахь үе гэж үздэг.

Ли Көцян 1955 онд БНХАУ-ын Аньхуй мужийн Диньюань-д албан хаагч Ли Фэнсаний гэрт төржээ. 1974 онд БНХАУ-ын Соёлын хувьсгалын үед дунд сургууль дүүргээд, мужийнхаа нэгэн хамтралд хуваарилагдан ажиллаж эхэлсэн аж. 1976 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намд элсэж, бригадын намын хорооны нарийн бичгийн дарга болж, “Мао Зэдуны сургаалийг суран дэлгэрүүлэгч” цол хүртэж байжээ.

1978-1982 онуудад тэрээр Бээжингийн Их сургуулийн хуулийн ангид суралцаж (хууль тогтоох ухааны бакалавр), Их сургуулийнхаа Оюутны Зөвлөлийн дарга байсан аж. 1982 оны хоёрдугаар сараас Бээжингийн Их сургуулийн Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга болжээ.

1983-1985 онд БНХАУ-ын Коммунист залуучуудын Эвлэлийн боловсролын байгууллагуудын хэлтсийн даргаар ажиллаж, нэгэн зэрэг Бүх Хятадын оюутны холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн даргад нэр дэвшигчээр ажиллаж байсан (Энэ үеэр Ху Жиньтао 1984 оноос хойш нэгдүгээр нарийн бичгийн дарга байжээ) байна.

1988-1995 онд Бээжингийн Их сургуулийн дэргэдэх Эдийн засгийн дээд сургуулийн магистрантурт суралцаж, эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

1991 оны 9-11 дүгээр сард ХКН-ын Төв хорооны дэргэдэх намын төв сургуульд суралцсан. 1993 оны гуравдугаар сараас 1998 оны зургадугаар сар хүртэл XIII хурлын Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн Хятадын Залуучуудын Улс төрийн сургуулийн ректороор ажиллаж байжээ.

1998 оны зургадугаар сараас 2004 оны арванхоёрдугаар сар хүртэл Ли Көчян Хэнань мужид янз бүрийн удирдах албан тушаал хашиж байсан аж. Тодруулбал, 1998-2002 онд мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1998-2003 онд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, мужийн захирагч хийжээ.

Тэрээр жижиг төслүүдэд цаг үрсэнгүй, харин мужийн эдийн засгийн өсөлтийн асуудлыг цогцоор нь шийдэх арга замыг эрэлхийлж эхэлсэн бөгөөд тус мужаа хөрөнгө оруулалт татахуйц болгож чадсан байна.

2004 онд түүнийг Ляонин муж руу шилжүүлж, 2004 оны арванхоёрдугаар сараас 2007 оны аравдугаар сар хүртэл (ХКН-ын XVII их хурал) тус мужийн намын хорооны дарга, хууль тогтоох хурлын байнгын хорооны даргаар ажиллажээ. Ляонин мужид Ли Көчян “Нэг шугамын таван цэг” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Далянь, Дандун болон бусад боомтуудыг нэг тээврийн сүлжээнд нэгтгэж, худалдааны эргэлтийг сайжруулах зорилготой байжээ. Мөн тэрээр орон сууцны асуудлыг шийдэхийн тулд ихэд чармайлт гарган ажиллаж байсан аж.

2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн XII Их хурлын анхдугаар чуулганаар түүнийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд буюу Хятадын Засгийн газрын тэргүүнээр баталжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэрийг нь дэвшүүлж, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн XIII Их Хурлын анхдугаар чуулганы депутатууд Ли Көцяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Хятадын засгийн газрын тэргүүнээр хоёр дахь удаагаа улираан сонгож байжээ.

Эх сурвалж: XINHUA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу