УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.10.27)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 


НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Иргэний хэрэг маргаан жил тутам 4.5 хувиар нэмэгдэж байна. Таван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл шүүгчийн тоо нэмэгдээгүй. Цалин нь нэмэгдээгүй, туслах нь нэмэгдээгүй, байранд нь нэг ч төгрөг тавиагүй. Орон нутгийн шүүгч нар хэргийн оролцогчийнхоо машинд суугаад хэргээ шийдэх гээд явж байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд шүүхэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Нэг ч машин шинээр авч өгөөгүй. Нэг будаг түрхэж өгөөгүй. Нэг сандал, ширээ авч өгөөгүй. Хуучирч муудсан ширээ, сандлыг шүүгч нар өөрсдөө эвлүүлж хадаад, шүүх хуралдааны заалаа тохижуулж байна. Давхар мужаан болчихсон. Ийм байхад шүүхээс шударга ёс нэхээд байх нүүр УИХ-д лав байхгүй шүү. Арван жилийн турш нэг ч төгрөг хялайлгаагүй байж, “Та нар шударга ажилласангүй” гэж болохгүй. 

Хоёрдугаарт, иргэний шүүгчийн ажлын байр зарлахад шүүгч болох хүн алга. Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд шүүгчийн орон тоо зарлаад, нэг ч хүн өрсөлдөхгүй байна. Хоёр сая төгрөгийн цалинтай, цаг наргүй, хувийн амьдралгүй, ачаалал өндөртэй ийм ажлыг хийх хүн олдохгүй. Бодит байдал шүү. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь анхаарч, ойрын таван жилийн хугацаанд шийдэхгүй бол болохгүй.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Гэр бүлийн маргаан гараад, шүүхээр тэтгэмж тогтоолгодог. Энэ тэтгэмжийн асуудлыг эцэг, эхчүүд их ярьдаг. Тэтгэмж нь маш бага үнийн дүнтэй ордог. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр үүнийг хариуцах хүн байдаггүй. Тоодоггүй. Энэ асуудал хуулиар шийдэгдэх үү.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: С.Одонтуяа гишүүний хөндсөн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгаж оруулж ирж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газар дэмжвэл УИХ-д өргөн баригдаж, хоёр долоо хоногийн дараа УИХ-ын гал тогоонд орж ирнэ. Хамгийн сүүлийн байдлаар хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай, 40 хувь нь төлөхгүй байгаа юм байна. Гэхдээ энэ нь өмнөхөөсөө ахиж л байгаа тоо юм билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Хялбаршуулсан журам бол зөв. Цаг нь болчихоод байгаа. Гэхдээ ердийн шүүхээрээ явах юм уу. Улаанбаатарт бага үнийн дүнгээр дагнасан шүүх байгуулах юм уу. Ийм шүүх байгуулбал яадаг юм бэ. Гэр бүлийн шүүх гэх мэт. 

УДШ-ийн шүүгч Н.Баярмаа “Дагнасан шүүх байгуулах асуудлыг санал болгож, оруулж ирсэн. Энэ дээр гэр бүлийн шүүх, хялбар ажиллагааны шүүхийг байгуулъя гэж байгаа. Гэхдээ байршлын хувьд нийслэлд байгуулахаар төлөвлөж байна. Орон нутагт бол танхим байгуулах боломжтой. Танхим байгуулах эрх зүйн орчин бол бий.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Шүүх байгуулах тухай хууль өргөн баригдаагүй. Өргөн баригдсан хуулийн төслийн хүрээнд хэлэлцэнэ шүү.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу