Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг байна. Энийг хамгийн багадаа 4,000 төгрөг болгох шаардлагатай байна. Хүүхэд өдөрт авах ёстой шим тэжээлийнхээ 80 хувийг цэцэрлэгээр дамжиж авч байгаа. Тэгэхээр үүнд эх үүсвэр хэрэгтэй. 

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн үдийн хоолны зардал 170 орчим тэрбум төгрөг болдог. Тогооч нарын цалин зэрэг бусад зардалтай нийлээд 230 тэрбум төгрөг улсын төсөвт сууж байна. Үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэхээр зардал нь мөн л хоёр дахин нэмэгдэнэ. 

Миний бодлоор, хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь үдийн хоолонд нь зарах шийдэл гаргавал 1-12 дугаар ангийнхаа бүх хүүхдэд хоол өгөх бололцоо байна. Ийм аргаар асуудлыг шийдэхгүй бол дан ганц төсөвт ачаалал үүрүүлнэ гэдэг эрсдэлтэй. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэх мэт боловсролын салбарт маш олон асуудал байна” гэлээ. 

Хувийн сургуулиудын үдийн хоолны төсвийг хассан гэх асуудалд тэрбээр “Боловсролын шинэ хуульд хувийн сургуульд сурч буй хүүхдүүдийн үдийн хоолны асуудал тодорхойгүй үлдчихсэн юм билээ. Нэгэнт хууль батлагдчихсан учраас бид хууль зөрчиж болохгүй.

Хувийн сургуульд сурч буй 42 мянган хүүхдийн үдийн хоолонд шаардлагатай байгаа зардлыг ирэх оны төсөвт тавьчихсан. Төсөв батлагдах үед УИХ-ын тогтоол гардаг. Энэ үед  тогтоолд заалт нэмж оруулахаар болсон. Түүнээс биш бүр хасаад өгөхгүй байгаа юм биш” гэсэн юм. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу