УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.10.27)-ийн нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Шинээр нээсэн D-өргөдөл цахим системд нийт 489 санал ирсэн. Үүний 50 хувь буюу 200 гаруй нь НӨАТ-тай холбоотой давхацсан саналууд байсан. Мөн албан бичгээр МҮХАҮТ, “CEO club” зэрэг төрийн бус байгууллагууд, олон нийтийн зүгээс олон давтамжтай санал ирсэн. Тиймээс 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга тавьсан.

Уг асуулгыг аравдугаар сарын 23-ны байдлаар буюу зургаа хүрэхгүй хоногийн хугацаанд 104 мянга 791 иргэн дэмжиж, саналаа өгсөн байна. Энэ нь Монголын парламентын түүхэнд иргэд анх удаа цахимаар, шууд, бодитой оролцсон үйл явдал боллоо. Тиймээс уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.

Аливаа асуудал эерэг, сөрөг талтай. Бэрхшээл, ололт үүснэ. Энэ асуудлын тухайд улсын төсөвт тодорхой хэмжээний ачаалал үүсэх нь бодит үнэн. Тиймээс эерэг, сөрөг талыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хууль журмынх нь дагуу нарийвчлан хэлэлцэж шийдэх ёстой.

Аль ч дэлгүүр, худалдааны байгууллагаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиа наймаалцдаг бодит байдал бий. Өөрөөр хэлбэл, бараа авахад “НӨАТ-ын баримт авах уу, үгүй юу” гэж асуудаг. НӨАТ-гүй авъя гэвэл и-баримт өгөхгүйгээр орлогоо нуудаг. Иргэд хууль зөрчиж байгаагаа мэддэг ч 2 хувийн буцаан олголт авснаас 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. 

Нийгэмд ил байгаа ийм зөрчлийг засахгүй төлөөлөгчдийн байгууллага байж таарахгүй. Иргэд нь ч, албан байгууллагууд нь ч хууль зөрчиж байгаатай эвлэрч байна гэдэг бол хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болно.

2 хувийг 5 болгосноор төсөвт нэмэлт зардал гарах ч орлого нэмэгдэх бололцоотой. Нуусан орлого ил болсноор зөвхөн НӨАТ-ын орлого ч биш, бусад татварын орлого дагаад нэмэгдэх учиртай. Гэтэл энэ нэмэлт татварыг ярихгүйгээр зөвхөн зардал талаас нь харж, өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй. Аль алийг нь тэнцвэртэй, нухацтай судлах ёстой. 

Иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу