АНУ-ын Мэн муж улсын Льюистон хотод зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас 18 хүний амь хохирч, 13 хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэрэгт сэжиглэгдэж буй армийн бэлтгэл цэрэг Роберт Кардыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй.

“ABC” телевиз эх сурвалжийн мэдээллээс иш татан “Сэжигтэн этгээд хүүдээ “гэрээслэл” бичиж үлдээсэн байсан” гэж мэдээлжээ. Гэхдээ түүнд “өөрийн сэдэл”-ийн талаар ямар нэгэн зүйл бичээгүй байсан аж.

Мужийн захирагч Жанет Миллсийн мэдээлснээр, аравдугаар сарын 25-нд Льюистон хотод гал нээж, олон хүний аминд хүрсэн сэжигтэн өдгөө 40 настай аж. ABC агентлаг түүнийг галт зэвсгийн зааварлагч мэргэжилтэй байсан гэж мэдээлсэн бол цагдаа нар түүнийг сэтгэцийн асуудалтай байсан гэжээ. Иймд цагдаа нар оршин суугчдад сэжигтэн зэвсэглэсэн, аюултай этгээд тул аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

Зарим хэвлэлд сэжигтэн Кард АНУ-ын Цэргийн академид суралцаж байхдаа зүй бус авирласны улмаас сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан гэж мэдээлсэн байна. Цагдаа нар “сэжигтэн галт зэвсгийн зааварлагч байсан” гэх мэдээллийг үгүйсгэж, “Зэвсэгтэй харьцах ахисан түвшний сургалтад хамрагдсан тухай мэдээлэл байхгүй” гэж мэдэгджээ.

“Fox News” телевизээр мэдээлснээр, гэмт этгээд зоогийн газар, дэлгүүр, зугаа цэнгэлийн төв гэсэн гурван газарт гал нээсэн байна. Эл хэргийг хоёр гэмт хэрэгтэн нэгэн зэрэг үйлдсэн байж болзошгүй бөгөөд нэгийг нь баривчилсан гэх мэдээлэл байгаа аж.

“NBC” сувгаар мэдээлснээр, гэмт этгээдийн бууны суманд өртөж, 60 орчим хүн шархаджээ. Энэ хэргийн улмаас амиа алдсан хүний тоо муж улсын хэмжээнд жил бүр гардаг хүн амины хэргийн хохирогчдын дундаж тоотой бараг тэнцсэн байна.

Өнгөрсөн онд Мэн муж улсад 29 хүн, 2020 онд 20 хүн бусдын гарт амиа алджээ. Цагаан ордон “Хэргийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулсан” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: ABC, BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу