Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өчигдөр /2023.10.27/ боллоо. Барилдаанд 448 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат “Шинэ Анагаах Ухаан” их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням анх удаагаа түрүүллээ. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, Аварга дээд сургуулийн бөх, сумын наадмын таван түрүүтэй заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Г.Өнөрбат нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод Төв аймгийн сумын заан Б.Цогт, Хэнтий аймгийн сумын заан Н.Уугангэрэл, Д.Отгонбаяр нар үлдэв.

Ташрамд сануулахад, өнөөдөр /2023.10.28/ 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу