БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.10.28/ тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.

Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа “Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биеллээ” хэмээлээ.

Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Б.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцсон байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу