Улсын инфляц өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 10.0 хувьтай гарсан. Жилийн инфляцыг авч үзвэл 40 орчим хувь нь мах, гурилаас үүдэлтэй байгаа бөгөөд дотоодын хүнсний 14-15 нэр төрлийн барааны үнээс мөн шалтгаалж буй. Инфляц өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлт болох 9.2 хувиас 10 хувь болж өссөн гол шалтгаан нь сургалтын төлбөр 20 гаруй хувиар буюу олон жилийн дунджаас хоёр дахин өссөн агаад, мөн суурь үеийн нөлөөлөл бий юм.

Тээвэр логистик, шатахууны хангамж, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлт инфляцыг тогтворжуулахад маш чухал. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд мах, сүү, хүнсний ногоо, шатахуун гэсэн 4-5 төрлийн бүтээгдэхүүн нийт инфляцын 40-50 хувийг бүрдүүлдэг байдал шийдэгдэхгүй үргэлжилсээр байгаа билээ.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ оны дөрөвдүгээр улиралд инфляц нэг орон руу буух суурь төсөөлөл хэвээр байгаа боловч төсвийн зардал, бензин, хүнс гэх мэт барааны хангамж болон үнийн эрсдэлүүд байсаар байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тээврийн саатал арилж, зардал буурч, барааны хангамж сайжирч, импортын инфляц буурч байна.

Шатахууны үнэ ч харьцангуй тогтвортой байна. Түүнчлэн инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний нэлээн хатуу бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч байна. Хатуу мөнгөний бодлогын хүчтэй нөлөө энэ оны төгсгөлөөс ирэх оны эхний улирлуудад илэрнэ.

Хүлээлтийн судалгаанаас, харахад инфляцын хүлээлт ч тогтворжиж байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Шинэчилсэн төсөөллөөр ирэх жилд инфляцыг тогтворжуулах бодлого үргэлжлэх бөгөөд төсөөллийг бага зэрэг нэмэгдүүлсэн нь цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотой.

Төсвийн бодлого тэлэх тусмаа өрийн тогтворгүй байдал бий болгох, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх, дотоод хөрөнгө оруулалтыг хумих, инфляцыг хөөрөгдөх нөлөөллийг эдийн засагт бий болгодог. Энэ нь мөнгөний бодлогыг хатууруулах нөхцөл үүсгэж, макро эдийн засгийн бодлогын таатай бус хослол руу түлхэж байдаг.

Инфляц, түүний хүлээлтийг тогтворжуулахын тулд өнгөрсөн оны турш мөнгөний бодлогын төлөвийг чангаруулсан шийдвэр гаргаж, энэ онд бодлогын хүүг хэвээр хадгалсаар байна. Энэ хатуу бодлого нөлөөгөө үзүүлж байна. Цаашдын инфляц, эдийн засгийн тогтвортой байдалд мөнгө, төсвийн бодлогын оновчтой хослол чухал хэвээр байна. Бодлогын хүү ямар байх нь инфляц төв банкны зорилтот түвшин болох 6+/-2 хувь руу тогтворжих хандлагаас шууд хамаарна.

Цаашид гадаад хүү, худалдааны түнш орнуудын инфляц болон тэдгээрийн валютын ханш, дотоод эдийн засгийн идэвхжил, төсвийн бодлогын төлөв, экспортын гүйцэтгэл гэсэн хүчин зүйлсийг зайлшгүй анхаарч байх учиртай. Цаг агаарын нөхцөл, олон улсын харилцаа, тээвэр логистикийн нөхцөл ч анхаарах асуудал юм.

Дараагийн зүйл бол, нийлүүлэлтийн гинжин сүлжээг сайжруулах, нийлүүлэлтийн шалтгаантай хүнсний инфляц эрчимжих эрсдэлийг бууруулахын тулд нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байдалд анхаарах нь ямар чухал болохыг өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогоор шууд нөлөөлөх боломжгүйг бид бүгд мэднэ.

Нөгөө талаар, экспортын биет хэмжээ энэ жил Засгийн газрын зорилтот түвшинтэй нийцтэйгээр өндөр өсөлттэй байгаа нь эдийн засаг, гадаад тэнцвэрт эерэг нөлөө үзүүлж байна. Нүүрсний экспортын үнэ, хэмжээ энэ жилийн өндөр түвшинд ирэх онд хадгалагдах эсхүл үл хадгалагдахаас хамаарч төсөв, мөнгөний бодлогод шаардлагатай тохируулгыг цаг алдалгүй хийж, дотоод тэнцвэр, цаашлаад макро тогтвортой байдлаа хадгалах нь нэн чухал бодлогын сонголт болно” гэсэн байр суурь илэрхийлэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу