Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос “Спорт ба допинг” хэлэлцүүлгийг өчигдөр (2023.10.29) Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Салбарынхаа болж, бүтэхгүйг дотроо ний нуугүй ярилцаж, шийдэл хайх болов уу гэсэн хүлээлттэйгээр уг хэлэлцүүлгийг зорив.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, Допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан нар ширээний ард суужээ. Тэдний өөдөөс Улсын начин Ө.Батзул нарын цөөн бөхчүүд болон бөх сонирхогчид гээд нийт 20 орчим хүн үзэгчдийн сандал дээр сууж байлаа.

Ийм цомхон байдлаар хэлэлцүүлэг эхлэв. Явцын дунд бөхчүүд ирэх байх хэмээн бодсон ч нэг ч хүн ирсэнгүй. Хэлэлцүүлэг ч тав, зургаан хүний асуулт, хариултаас цаашилсангүй, тэгсхийгээд л дууслаа. Ямар ч үр дүнгүй, нэр төдий хоёр цагийн идэвхгүй яриа болж өндөрлөв. 

Энэ үеэр Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, Допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан тул хэлэлцүүлгийн дараа түүнтэй ярилцсан юм.

-Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдсан 512 бөхийн 16-гаас нь допинг илэрсэн. М.Бадарч Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагатай тохиролцож чадаагүй учир түүний нэрийг зарлаж, бусдыг нь дарсан гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл биш. Арбитрын шүүхэд гомдол гаргаж байгаа түвшинд яригдаж буй зүйл. М.Бадарч арслан арбитрын шүүхэд энэ зуны наадмаар шинжилгээ өгсөн бүх тамирчны шинжилгээний хариуг татуулах хүсэлт гаргасан гэж сонссон. Хэрэв 16 бөхийн допингийн шинжилгээ асуудалтай гараад, допингийн эсрэг байгууллагатай тохиролцож чадаагүйн улмаас ганц, хоёр бөхийн нэрийг зарладаг нь нотлогдвол ноцтой асуудал үүсэж магадгүй. Энэ тоог би хувийн журмаар сонссон.

-Батлагдаагүй мэдээлэл юм бол яагаад ингэж зарлаж байгаа юм бэ. Нэг жилийн наадмаар барилдсан ийм олон бөхөөс допинг илэрсэн гээд хэлчихээр маш олон хүнийг талцуулж, шүүмжлэл дагуулах байх?

-Хэрэв энэ мэдээлэл шүүхийн шатанд батлагдвал олон жил бөхчүүдийн ярьж буй шиг дургүйгээ зарлаж, дуртайгаа авч үлддэг асуудалд цэг тавих байх. Мөн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд их цэвэрлэгээ хийгдэх байх гэж бодож байна. 

-Ж.Хатанбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Допингийн эсрэг байгууллагын удирдлагыг сольсон. Шинэ даргаар Ц.Уугангэрэл гэдэг хүнийг томилсон юм билээ. Гэтэл энэ хүнийг Ж.Хатанбаатарын хүн гэж та хэллээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Хардах үндэслэл юу байв?

-Төрийн бус байгууллагын тухай хуулиар л томилгоо хийсэн байж таарна. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэдэг бол төрийн бус байгууллага. Тиймээс Засгийн газраас эл байгууллагын асуудалд оролцох боломжгүй. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Ж.Хатанбаатар дараагийн хүнээ сонгосон.

-Монгол Улс олимпод цагаан туган дор орох эрсдэл үүссэн нь үндэсний бөх болон бусад спортын тамирчдаас допинг илэрснээс шалтгаалаагүй гэж мөн та хэлэх шиг болсон?

-Дэлхийн допингийн эсрэг дүрмийн олон улсын стандарт гэж бий. Тэр стандартад үндэсний допингийн эсрэг байгууллагын ажиллах эрх, үүргийг заасан байдаг. Үүнд допингийн эсрэг байгууллагын хийх ёстой ажлуудыг “ерөнхий”, “өндөр ач холбогдолтой”, “ноцтой” гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж бичсэн. Энэ гурван бүлгийн алинд ч тамирчдаас допинг илрэхтэй холбоотой заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Тухайн улсын тамирчдаас авсан шинжилгээнээс допингийн олон тооны зөрчил илэрвэл ямар нэгэн арга хэмжээ авна, олимпод орох эрхийг нь хасна гэсэн агуулгатай заалт байхгүй.

-Цагаан туган дор орох эрсдэл үүссэн нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ажлаа хийгээгүйгээс болсон гэсэн үг үү?

-Тийм. Энэ бүхэн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой. 

Х.ТҮШИГ

ВИДЕО ҮЗЭХ: 

                 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу