НҮБ-аас Газын зурваст нөхцөл байдал улам дордож буйг анхааруулсаар байна. Израилийн арми “Хамас” бүлэглэлтэй дайтаж, Газын умард хэсэгт өнгөрсөн Ням гарагт цохилт өгснөө мэдэгдэв.

Ираны Ерөнхийлөгч өнгөрсөн Ням гарагт “Израилийн довтолгоо ‘улаан шугам’ давлаа” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Израил, “Хамас”-ын дайн Ойрхи Дорнодын мөргөлдөөн болж өргөжин тэлэх “өндөр эрсдэл”-г анхаарууллаа.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху аравдугаар сарын 7-ноос өмнө “Хамас”-ын халдлагын талаар өөрт нь сэрэмжлүүлээгүй гэж аюулгүй байдлын албаны дарга нарыг буруутгаснаараа эрс шүүмжлэлд өртсөн бөгөөд тэрбээр өнгөрсөн Ням гарагт уучлалт гуйжээ.

Израилийн батлан ​​хамгаалах хүчнээс мэдээлснээр “Хамас” бүлэглэл дор хаяж 1400 хүний ​​аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалсан харгис хэрцгий халдлагууд хийх гэж буйг урьдчилан тооцоолоогүйн улмаас Израилийн удирдагч руу чиглэсэн бухимдал, уур хилэнг энэ үйл явдал намжаахад төдийлөн нөлөөлөөгүй байна.

Газын зурвас дахь Палестины Улаан хавирган сар нийгэмлэг “Израиль Газын зурвас дахь гол эмнэлэг Аль-Кудсыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн гэжээ. Гэвч эрчимт эмчилгээний тасагт өвчтөнүүд, инкубаторт нярай хүүхдүүд байгаа тул нүүлгэн шилжүүлэх боломжгүйг эмнэлгээс мэдэгдсэн байна.

Мөн 14000 орчим энгийн иргэн эмнэлэг болон түүний нутаг дэвсгэрт хоргодож байгаа аж. Эмнэлгийн ойр орчмын газар өдрийн турш агаарын цохилтод өртөж байгаа талаар BBC мэдээлжээ.

Израилийн арми өнгөрсөн Ням гарагт “Газын зурвасыг бөмбөгдөх үеэр олон арван террористыг устгасан” гэж мэдэгдсэн байна.

Олон мянган хүн үндсэн хангамж авахаар агуулахад нэвтэрснээс нэг өдрийн дараа Египет Газын зурвас руу тусламжийн бараа ачсан 10 ачааны машин нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн дээд прокурор Карим Хан “Газын зурваст тусламж хүргэхэд саад учруулах нь дайны гэмт хэрэг болж болзошгүй бөгөөд Израилийн зүгээс амин чухал хангамжийг нэвтрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Энгийн иргэд хоол хүнс, усаар хангагдах ёстой. Би Египетэд хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машинууд гацсан байхыг харсан. Эдгээр хангамжийг Газын энгийн иргэдэд цаг алдалгүй хүргэх ёстой” гэжээ.

Мөн “Израиль “Хамас”-тай хийж буй дайнд тодорхой үүрэг хүлээсэн. Зөвхөн ёс суртахууны үүрэг биш, зэвсэгт мөргөлдөөний хуулийг дагаж мөрдөх хууль ёсны үүрэг юм” хэмээсэн байна. Тэрбээр мөн Баруун эрэгт оршин суугчид Палестины энгийн иргэдийн эсрэг халдлага үйлдэх тохиолдол нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, Газад “хүмүүнлэгийн эвлэрэл” байгуулахыг уриалсан тогтоол гаргасныг 120 улс дэмжиж, 45 нь түдгэлзэж, 14 нь эсэргүүцсэн байна.

Барууны олон улс Израилийг дэмжжээ. АНУ Баасан гарагийн тогтоолын эсрэг санал өгсөн бол Канад, Их Британи түдгэлзсэн байна. Европын холбоо Израилийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гишүүд нь хоёр хуваагджээ. Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжсэн Герман, Итали улс түдгэлзсэн байна. Испани зэрэг бусад улсууд Европын удирдагчдыг “иргэдийг хомроглон устгалд оруулахгүй байх”-ыг уриалжээ.

Газын Эрүүл мэндийн яам Израилийн хариу бөмбөгдөлт эхэлснээс хойш 8000 гаруй хүн амь үрэгдлээ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу