Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр /2023.10.29/ танилцууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто замын төлбөртэй бүсийн хил зааг, цагийн хязгаарыг тогтоохоор болжээ. Ингэхдээ дараах замуудыг төлбөртэй болгох аж. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатарчууд түгжрэлд жилийн нэг сарыг буюу 717 цаг болон 3.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд бид “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах” анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг шийдэх төлөвлөгөөтэй байна. 

Улаанбаатар хотод 720,000 тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байна. Яг энэ хурдаар явбал бид хэдхэн жилийн дараа нэг сая автомашинтай болох магадлалтай. Иймээс бид импортоор орж ирж байгаа автомашиныг хязгаарлах бодлого барина. Харин өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлах бодлого огт барихгүй.

Дэлхийн олон орнууд автозамынхаа түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийг бий болгосон. Энэ улсуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг. 

Бид эхний ээлжинд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх автозамд төлбөртэй бүс тогтоохоор төлөвлөсөн. Төлбөртэй бүс рүү орж ирэхээс өмнө, Улаанбаатар хотын төвөөс 800 метрийн орчимд байх зогсоолуудад автомашинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй унах зэрэг боломжуудаар хангахаар бэлтгэж байна” гэлээ.

Төлбөрийн тухайд өдөрт нэг удаа зорчиход төлбөр авахгүй буюу 0 байна. Харин нэгээс дээш удаа зорчиход хэдэн төгрөгийн төлбөртэй байхыг Нийслэлийн ИТХ-аар тогтоохоор заажээ. Хамгийн өндөр төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу