Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр /2023.10.29/ танилцуулсан.

Энэ үеэр тэрбээр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хамгийн том бөгөөд зоригтой шийдэл бол метротой болох. Үе, үеийн хотын дарга нар метро болон масс тээврийн хэрэгсэл барья, тавья гэдэг мөрөөдөлтэй байсан боловч ТЭЗҮ болон санхүү, улс төрийн дарамт шахалтаас болж бодлого нь нуран унаж байсан. Тэгвэл бид ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төсөл хэрэгжүүлэх том зорилт дэвшүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын төрийн өмчит метро барьдаг компаниудтай Нийслэл Улаанбаатар хот хамтран ажиллах боломж нөхцөлийг ойрын үед судалж, танилцуулах талаар яриа хэлэлцээ хийж, амжилттай болсон.

Цаашид Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар метро, тойрог хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүний тулд УИХ, Засгийн газрын тогтоолын төслүүдийг боловсруулан ажиллаж байгааг хэлье.

Миний бие УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийг ахалж, тодорхой үр дүн гаргаж байсан туршлагатай. Энэ туршлагаа Нийслэл Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын ажил болох метро, тойрог хурдны зам байгуулах төслүүд дээр гаргаж, хэлэлцээрийн ширээг ахалж суух бодолтой байна. Энэ төслүүд хэрэгжсэнээр Улаанбаатар хот түгжрэлгүй, бохирдолгүй, бухимдалгүй хот болох боломж бүрдэнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу