Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр /2023.10.30/ танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр Улаанбаатарчууд түгжрэлд жилийн нэг сарыг буюу 717 цаг болон 3.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд бид “Улаанбаатар хотыН авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах” анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг шийдэх төлөвлөгөөтэй байна. 

Улаанбаатар хотод 720,000 тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байна. Яг энэ хурдаар явбал бид хэдхэн жилийн дараа нэг сая автомашинтай болох магадлалтай. Иймээс бид импортоор орж ирж байгаа автомашиныг хязгаарлах бодлого барина.

Харин өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Эдгээр хүмүүс автомашиныхаа дугаарыг бусдад шилжүүлэх, худалдах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү өөрөө шинэ машин авах тохиолдолд хуучин автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсхүл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгэнэ. Ийм маягаар автомашины дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ машин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирж байгаа” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу