“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.10.30/ болж байна. 

Шүүхийн байрны гадна Б.Ганхуягийн ар гэрийнхэн мэдээлэл өглөө. 

Б.Ганхуягийн хүргэн ах “Энэ хэрэгтээ холбогдуулан манай гэр бүл нэг жил гаруйн хугацаанд эрүүдэн шүүгдлээ. Монголд хүний эрх гэж байхгүй болсон юм байна. Бид эд эс, биеэсээ гаргасан шингэн бүрээ шалгууллаа. Эцэст нь яллах зүйл байхгүй, шударга хөдөлмөр байсан учраас бидний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ энэ хугацаан дахь мөрдөн шалгах ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаагүй. Хүний эрхийн маш ноцтой зөрчил гаргасан.

Дүүгийнхээ эрүүл мэндийн талаар мэдээлэл өгье. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг маш ноцтой мэдээлэл хэлсэн. Үүний дараа бие нь огцом муудсан. Хордлогод орж, бөөлжиж, даралт нь 80 хүртэл унасан. Иймийн тулд бид ШШГГ, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Гэтэл өдийг хүртэл хайхрахгүй байна. Б.Ганхуяг есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байгаа. Биеэр нь битүү шарх гарсан. Хоол идэж чадахгүй байгаа. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. Энэ хүн маш эрүүл чийрэг хүн байсан.

Б.Ганхуяг бол маш том хэргийн гэрч. Эрх мэдэлтнүүд гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж байна гэж харж байна. Тиймээс гэрчийг хамгаалах хэрэгтэй. Эрх мэдэлтнүүд өөрсдийн хийсэн булхай луйвраа түүнд тохож, дараа нь энэ хүнийг далд оруулж нүүрсний хулгайг шийдсэн мэт дүр үзүүлэх гэж байна” гэлээ. 

Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуягийн хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу