2023-2024 оны волейболын Үндэсний Дээд лиг маргааш (2023.11.01) эхэлнэ. Лигт багууд дор бүрнээ бэлдээд, тун завгүй өдрүүдийг үдэж байна. Энэ үед бид “Энагурэ” клубын бэлтгэл дээр очиж, Э.Хүслэнтэй ярилцлаа. “Энагурэ” баг саяхан болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний түрүүг авсан. Харин Э.Хүслэн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм. Мөн тэр Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ багт дуудагдсан 21 настай залуу тамирчин билээ. 

-Бэлтгэл сайн уу?

-Сайн. Манай баг нэг өдөр өнжөөд бэлтгэл хийж байна.

-Хэзээнээс волейбол сонирхож, тоглож эхэлсэн бэ?

-2014 оны арваннэгдүгээр сард Хэнтий аймгийн Чингис хотын Биеийн тамир, спортын газрын волейболын дасгалжуулагч Пунцагийн Нэргүй багш дээрээ очиж байлаа. Зургаан сар хичээллэсний дараа “мини” волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, анхныхаа медалиа авч байсан. 

-2014 он гэхээр жаахан байжээ?

-Зургаадугаар анги гэсэн үг. Би дээрээ нэг ах, гурван эгчтэй, айлын бага хүүхэд. Манай гэрийнхэн ер нь л өндөр хүмүүс байдаг юм. Волейболын дасгалжуулагчид өндөр хүүхдүүд авах сонирхолтой юм билээ. Тэгээд манай ах, эгч нарт санал тавьж, өнөө хэд нь зөвшөөрөхгүй явсаар надаас асуухад нь аав, ээж явуулчихсан. Уг нь би гуравдугаар ангиасаа бэлтгэлд явах гэж байсан юм. Гэтэл тоглоход хэтэрхий жаахан байна гээд болиулчихсан.

Тавдугаар ангидаа долоо хоног хичээллэж үзсэн. Бас л болж өгдөггүй. Жил хүлээж байгаад зургаадугаар ангиасаа бэлтгэлд явж эхэлсэн. Тэр үедээ бэлтгэл дээрээ нэг найзтай болоод, бие биедээ хань болж явсаар нэг л мэдэхэд энэ спортод маш дуртай болчихсон байсан. 

-Аав, ээж нь хөтөлж оруулсан гэхээр одоо тоглолт бүрийг нь үздэг үнэнч фенүүд нь байх?

-Анх бэлтгэлд явахдаа жаахан байсан учраас волейбол гэж мэддэггүй байсан байх. Аав, ээж маань л энэ спорт руу оруулсан. Заримдаа залхуу хүрээд, бэлтгэлдээ явмааргүй санагдана. Ганц өдөр явахгүй байя гэхээр ээж орноос татаж босгоод явуулдаг байсан. Тэрний ачаар л энд сууж байна.

Одоо гэрийнхэн маань миний улаан фенүүд. Тэмцээнд орох үед тоглолтын өмнө, дараа нь утсаар ярина. Тоглолт үзэх үедээ бөөндөө нэг газар цуглаад үзнэ. Дэмжиж, орилж байгаагаа бичлэг хийгээд явуулна. Би тоглож дуусаад явуулсан бичлэгийг нь үзээд “Миний ард ийм олон хүн байгаа шүү” гэж боддог. 

Тоглолт бүрд нэг хэвээрээ байна гэж байдаггүй. Бие физиологи, эсхүл сэтгэл санааны байдлаасаа болоод би биш юм шиг тоглоно. Нэг өдөр нь чаддаг юмаа хийж байна даа гэсэн шиг тоглоно. Тиймхэн тоглолтын дараа аав, ээж хоёр маань залгаад “Өнөөдөр яав, яагаад ингэв, ядраад байгаа юм уу, хоолоо идсэн үү” гээд л ярина. Ер нь надад маш их анхаарч, санаа тавьдаг. 

-Ээж, аав нь одоо Хэнтийдээ амьдардаг уу?

-Тийм. Аав маань Хэрлэн сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга хийдэг. Ээж Хэрлэн сумын 4-р сургуулийн англи, орос хэлний багш. 

-Дээд лигт хэдэн оноос тоглож эхэлсэн бэ?

-2021 оноос. Анх удаагаа дээшээ тоглож үзэж байгаа болохоор тэр үед их хэцүү байсан. Өрсөлдөгчид маань маш чадварлаг. Тухайн үед би тийм ч сайн байгаагүй юм. Тийм болохоор их шантарсан. Муу тоглох бүрдээ “Би чадахгүй байна” гээд л аав, ээж рүүгээ ярьдаг байсан. Тэр хоёр намайг зоригжуулахдаа “Миний охин чадна аа, чи чаддаг шүү дээ” гээд л юу ч болоогүй юм шиг ярьдаг. Сандарч, шантарч, сэтгэл санаа хэцүү байгаа үеүдэд ингэж зоригжуулж өгдөг. Тэрийг нь сонсоод л тайвширчихаж байгаа юм. 

-Аав, ээж нь их дэмждэг бололтой?

-Тийм. Шантрах гээд эргэж харахад аав, ээж гэдэг шиг л. 

-Залуучуудын улсын аварга болоод дууслаа. “Энагурэ” баг ес дэх удаагаа аваргаллаа. Чиний хувьд үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би энэ багтайгаа дөрөв дэх удаагаа Залуучуудын улсын аварга болж байна. Өмнөх жилүүдийн улсын аваргуудад манай багийн лидер тоглогч С.Булгантамир эгч маань байсан. Тэмцээнд оролцох бүрдээ С.Булгантамир эгчийг харж, ямар үед ямар сэтгэл хөдлөл гаргаж, багийнхныхаа сэтгэл санааг хэрхэн дэмжиж байна гэдгээс нь суралцдаг.  Гэтэл өөрөө шилдэг гэж дуудуулахад их гайхаж, баярласан.

Би ерөнхий боловсролын сургуулиа төгссөнөөс хойш шилдэг тамирчны шагнал авч үзээгүй. Дөрвөн жилийн дараа шилдэг боллоо. Одоогоор энэ миний авсан хамгийн том шагнал. Олон жил шантрахгүйгээр бэлтгэл, сургуулилтаа хийснийг минь шагнаж байна гэж бодсон.

-Бэлтгэл, тэмцээнд хэр их цаг зарцуулж байна вэ?

-Жилийн ихэнх сар. Өмнө нь лиг арваас арванхоёрдугаар сарын сүүл хооронд болдог байсан. Лиг дуусаад түр амсхийнэ. Буцаад хоёрдугаар сарын сүүлээр бэлтгэлдээ орж эхэлдэг. Хичээлтэй байсан ч долоо хоногт тогтмол 3-4 бэлтгэл хийнэ.  Зун илүү шахаж, өдөр бүр бэлтгэл хийдэг. Тэгэхээр ер нь ихэнх цагаа волейболд зарцуулж байна. 

-Оюутан бил үү?

-Тийм. Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгээр курс.

-Хичээлийн хажуугаар спортоор хичээллэх хүнд байна уу?

-Сургууль маань намайг сайн дэмждэг. Тэмцээнтэй үед чөлөө өгнө. Явж ирээд, эргээд нөхдөг. Тийм учраас гайгүй ээ. 

-Шигшээ багт хэдэн онд дуудагдсан юм бэ?

-Волейболын үндэсний шигшээ баг гэж бүрдүүлэхээ больчихсон байж байгаад, 2021 онд бүрдүүлэхдээ намайг дуудсан. Би бөөн баяр болж байлаа.

Надад мөрөөдлийн листээ бичсэн дэвтэр байдаг юм. Шигшээ багтайгаа хэд хэдэн тэмцээнд орсныхоо дараа тэр дэвтрээ санасан. Гаргаад хартал дэвтэртээ үндэсний шигшээ багт орох гээд биччихсэн байсан юм билээ. Түүнийгээ хараад, мөрөөдлийн маань нэг нь ч болов биелж дээ гэж бодсон. 

-Шигшээ багийнхан энэ жил олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцлоо. Чиний хувьд анхных байсан байх. Хэр санагдав?

-Дөрөвдүгээр сард Вьетнамд клубүүдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Миний хувьд анхны том тэмцээн байсан юм. Очоод л алмайрсан. Манай Азид мундаг тоглогчид олон байдаг юм билээ. Тэр хүмүүсийн тоглолтыг өдөр болгон хажуугаас нь үзэх гоё байсан. Тоглолт бүрээс шинэ зүйл сурч авсан. Ингэж болдог юм байна. Дараа нь бэлтгэл дээрээ туршиж үзнэ дээ гэх мэтээр их бодсон. Ер нь энэ спорт намайг улам л дурлуулаад байна. 

-Волейболын тухай мэдээлэл оруулдаг гаднын пэйжүүдэд чиний зургийг хэд хэдэн удаа харсан юм байна?

-Нэг л мэдэхэд тийм постууд орчихсон байсан. Инстаграмын дагагч ч нэмэгдээд эхэлсэн. Сүүлд бодоход, дөрөвдүгээр сард Вьетнамд болсон клубүүдын аваргын үеэр Тайландын тоглолтыг үзэж байхдаа Wipawee Srithong гэдэг тамирчныг “крашилсан” юм. Талбай дээр маш аз жаргалтай тоглодог хүн байсан. Дараа нь есдүгээр сард Тайланд руу тэмцээнд явахдаа тэр эгчийг тоглоно гэж сонсоод, Монголынхоо хэв маягийг харуулсан жижиг бэлэг аваад очсон. Тэгээд тэдний багтай тоглож дуусаад, бэлгээ өгч, хамт зургаа авахуулсан юм. Тэрнээс болсон байж магадгүй. 

-Ойрын зорилго юу байна вэ. Лиг үү?

-Энэ жилийн лигт түрүүлэхийг л зорьж байна. 

-Багийн уур амьсгал хэр байдаг вэ. Хоорондоо маш сайн ойлголцох хэрэгтэй байх?

-Манайд харьцангуй залуу тамирчид байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, оюутнууд дийлэнх нь. Нэг үеийнхэн болохоор хоорондоо ойлголцоход амар. 

-Тэмцээнд нь амжилт хүсье. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу