Дархан-Уул аймгийн Дархан сумын “Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг нас гарантай хүүхдийг зодож, тоглоом дотор хорьж буй бичлэг өнгөрөгч есдүгээр сард цахим сүлжээнд цацагдсан билээ. Тухайн үед эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй талаар бид мэдээлсэн. Хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. 

Улмаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас нэг нас хоёр сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар прокурорын байгууллагаас “Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий цэцэрлэгчийн эрхлэгч Х.М нь тус цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэг гарсан.

Уг хэргийг Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” хэмээн мэдээллээ.

Хуулийн заалт:

16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу