Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Засгийн газрын хуралдаан дээрээ “Газын зурваст явуулж буй, Палестины радикал “Хамас” бүлэглэлийн эсрэг Израилийн цэргийн ажиллагаа гурав дахь үе шат руугаа орж, хуурай замын ажиллагааг өргөжүүлж байна” гэж мэдэгджээ.

Тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба Ерөнхий сайдын “Бид “Хамас”-ыг цэрэг, захиргааны чадавхигүй болгох тодорхой зорилго тавьж, системтэйгээр ажиллаж байна. Бүслэлтийн эхний үе шат дууслаа. Хоёр дахь шат тасралтгүй үргэлжилж байна.

Гурав дахь шатны ажиллагаагаар Газын зурваст хуурай замын нэвтрэлтийг өргөтгөнө. Израилийн батлан ​​хамгаалах хүчин маш хүчтэй системтэйгээр, шат дараатайгаар урагшилж байна” гэж хэлснийг иш татжээ.

Нетаньяху “Газын зурвас дахь хуурай замын ажиллагаанд Хамас бүлэглэлийн барьцаанд байсан хүмүүсийг суллах хүчин чармайлт ч багтаж байна. Энэхүү маневр барьцаалагдсан хүмүүсийг суллах боломжийг нээж өгч байгаа бөгөөд бид тэднийг алдахгүй. Энэ кампанит ажилд цаг хугацаа шаардагдана. Гэнэтийн саад бэрхшээл тулгарч, алдагдал ч хүлээнэ. Гэнэтийн зүйл тохиолдоно, гэхдээ эцэст нь би танд нэг зүйлийг амалж байна: “Хамас бут цохигдон, ялагдана, өөр Газа бий болно” гэж хэлжээ.

Ерөнхий сайд мөн Ливаны талаас тасралтгүй гал нээж байгаа ч хойд хил дээр Израилийн арми өндөржүүлсэн бэлэн байдалд байна” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Шийтийн байгууллага болох Хезболлад дахин хэлье. Хэрэв та бүхэн кампанит ажилд оролцохоор шийдсэн бол алдах болно. Төсөөлж ч чадахгүй цохилтод өртөнө” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу