Допингийн асуудал өндрөө авч, үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахыг болиулах эсэх хүртлээ яригдаж эхэлсэн. Улсын начин Ө.Батзулын энэ талаарх байр суурийг сонслоо. 

-Допингийн асуудал энэ жил илүү хурцаар тавигдаж байна. Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлагуудыг шалгаж эхэлсэн. Тэдний гэрт нэгжлэг хийхэд допингийн төрлийн эм, тариа илэрсэн гэх мэдээлэл гараад байна. Чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр барилддаг хүний хувьд та энэ асуудлын талаар ямар бодолтой явна байна?

-Хоёр бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд нэгийг нь зарлаад, нэгийг нь зарлахгүйгээр туг тахиад өнгөрдөг юм болов уу гэсэн хардлага байдаг. Түүнээс биш допинг хэрэглээгүй хүнийг хэрэглэсэн болгож, зарлана гэж байхгүй байх гэж боддог. Гэхдээ энэ миний л бодол.

Допингийн эсрэг асуудал маш хаалттай, тодорхойгүй байсаар ирсэн. Хэрэв ажлаа олон нийтэд нээлттэй хийдэг байсан бол ийм нөхцөлд хүрэхгүй. Удирдлагуудыг нь сольсон гэсэн. Ямар хүмүүс томилогдсоныг мэдэхгүй байна. Олимпын спортын төрлүүд, үндэсний бөхийн төлөөллийг гишүүнээр оруулаад ажиллах хэрэгтэй. Олон хүний хяналттай байвал үйл ажиллагаа нь цэвэр байх болов уу гэж бодож байна. 

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байх эсэхийг эргэж харна” гэж хэлсэн. Бөхчүүд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна. О.Хангай аварга гэхэд допингийн шинжилгээ авахаа боливол барилдахгүй гэсэн байна лээ. Таны хувьд ийм шийдвэр гарвал барилдах уу? 

-Д.Амарбаясгалан дарга яагаад тэгж хэлснийг ойлгохгүй байна. Уг нь хариуцлагатай хүний хэлж байгаа үг. Аргаа барсандаа хэлсэн юм болов уу гэж бодож байна. Хэл ам, асуудал ихтэй байгаа учраас нэг мөр допингийн шинжилгээ авдаггүй болгочихъё гэж бодсон байж мэдэх юм. 

Допингийн шинжилгээ авахгүй байж болохгүй. Заавал авах ёстой. Шээсээр биш, цусаар авдаг болох хэрэгтэй. Наад зах нь бөхчүүдийн эрүүл мэндийн асуудал байна. Маш олон эрсдэл дагуулна. Уураг, витамин гэх мэт нэмэлт бүтээгдэхүүн мэдээж байх зүйл. Харин Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эм, бэлдмэлүүд хэрхэвч байж болохгүй.

Хүний спортын замнал түр зуурынх. Амьдрал бол үргэлжилнэ. Эрүүл мэнд чухал шүү дээ. Амжилт дараагийн асуудал. Нөгөө талаас, энэ сайхан спорт цаашаа олон зуун жил өвлөгдөхийн тулд цэвэр, шударга байх ёстой. Шинжилгээ авахаа больчихвол бөхчүүдийн 80-90 хувь нь судлаад, хэрэглээд эхлэх байх. Гэсэн ч би барилдана. Гэхдээ эрүүл мэндээ нэн түрүүнд тавьж, цэвэр өрсөлдөнө. 

Х.ТҮШИГ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу