Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн шөнө Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярыг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ. 

Тэрбээр 2005-2007 оны хооронд Хотын даргаар, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. 

Мөн энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагч, Хотын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг өнгөрсөн Даваа гарагт дуудаж, мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна.

Хотын дарга Х.Нямбаатар үе үеийн хотын дарга нарыг шалгуулна хэмээн мэдэгдэж байв. Улмаар АТГ-аас нийслэлийн газар олголт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг шалгаж эхэлсэн.

Хотын дарга асан Ц.Батбаярт өмнө нь буюу 2014 оны долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс 2.1 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, түүнийг хууль бус өмч хувьчлалын асуудлаар ялласан билээ.

Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлсэн.

Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгаж, хоёр жил шалгасны эцэст түүнд 2014 оны долдугаар сард шүүхээс ял оноож байв.

Төв аймгийн Мөнгөнморьтын хорих ангид ял эдэлж байсан түүний суллагдах хугацаа болоогүй байсан ч хуульд заасны дагуу засрал хүмүүжил сайн олсон хэмээн магадлангаар сулласан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу