Израилийн Батлан ​​хамгаалах хүчин “Израилийн цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранд цохилт өгч, өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн халдлагад хариуцлага хүлээсэн Хамас бүлэглэлийн командлагчдын нэгийг устгасан” гэж мэдэгдэв. Гэвч Хамас бүлэглэлээс удирдагчдынх нь нэг тус хуаранд байсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Жабаля дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг нүдээр харсан гэрч, эмч нар “Гамшгийн хохирол учруулж, олон хүний ​​амь үрэгдлээ” гэж мэдэгдсэн байна.

Жабаля нь Газын зурвас дахь дүрвэгсдийн хуаран дотроо хамгийн том нь болохыг тус нутаг дахь палестинчуудыг дэмждэг НҮБ-ын агентлаг мэдээлжээ.

Израилийн арми “Мягмар гарагийн өглөө Газын зурваст агаарын цохилт, хуурай замын довтолгоогоо үргэлжлүүлэхийн сацуу Хамас бүлэглэлийн газар доорх хонгил доторх цэргийн байгууламж зэрэг олон зуун объектод нэг шөнийн дотор цохилт өгсөн” гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Газад үйл ажиллагаа явуулдаг гол агентлагийн тэргүүн хэлэхдээ, НҮБ-ын олон байгууллага тусламж нэвтрүүлэхийн тулд гал зогсоохыг уриалж байгаа талаар мэдээлжээ. Гэвч Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Даваа гарагт түр гал зогсоох уриалгыг үгүйсгэж, “Энэ бол дайны цаг” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-д суугаа Палестины элчин сайд “Израиль Жабаля дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн нь гэмт хэрэг” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу