Японы Сайтама мужийн эрх баригчид шуудангийн газарт хүн барьцаалсан буутай этгээдийг баривчилжээ. Өнгөрсөн Мягмар гарагт Тода хотын нэгэн эмнэлэгт буутай этгээд халдаж, хоёр хүн шархадсан хэрэг гарснаас хойш нэг цагийн дараа 86 настай, нэгэн эрэгтэй Вараби дахь шуудангийн газарт галт зэвсэгтэй нэвтэрсэн байна.

Буутай этгээд 20-30 насны хоёр эмэгтэйг барьцаалж, нэгийг нь өөрөө суллан явуулсан бол цагдаа нар хоёр дахь эмэгтэйг хүч хэрэглэн чөлөөлжээ.

NHK телевиз цагдаагийн машины арын суудалд цагдаа гэмт этгээдийн хамт суун, орон нутгийн цагдаагийн газрыг чиглэн явааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

Цагдаа нар эмнэлэг, шуудангийн газарт гарсан халдлагууд хоорондоо холбоотой байж болзошгүй тул хамтран шалгаж эхэлсэн талаараа мэдэгдсэн байна. Тэд мөн сэжигтний амьдарч байсан барилгад гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

Цагдаа нар сэжигтэн этгээд Тода хотын оршин суугч Цүнео Сүзүки болохыг тогтоож, галт зэвсэг ашиглан, хүн барьцаалсан хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд энэ нь 10 хүртэл жил хорих ялтай юм байна. Мөн гэмт этгээдийн ашиглаж байсан буу ямар гарал үүсэлтэй болохыг тогтоохоор шалгаж эхэлжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, тэрбээр мөн хоёр хутга, керосины сав, үл мэдэгдэх шингэн агуулсан лонх авч явсан байна.

Шуудангийн барилгыг хэдэн зуун цагдаа бүсэлж, эргүүлийн машины дэргэд малгай, сум нэвтэрдэггүй хантааз өмссөн офицерууд буйг зурагтаар харуулжээ. Бичлэгт мөн сэжигтэн этгээд малгай өмсөж, буу бариад, орцны үүдэнд хэсэг зогссоныг харуулсан байна.

Мягмар гарагийн эхээр Сайтама мужийн цагдаагийн газраас Тода хотын эмнэлгийн гадна буун дуу сонсогдож, улмаар 40 орчим насны эмч, 60 настай өвчтөн шархадсан  талаар мэдэгджээ. Мөн хохирогчид ухаантай байгаа бөгөөд шарх амь насанд нь аюул учруулахгүй талаар мэдээлсэн байна.

“Kyodo News” агентлагийн мэдээлснээр, тэд нэг давхарын зөвлөлдөх өрөөнд байхдаа халдлагад өртсөн бөгөөд цагдаа нар гэмт этгээд гудамжнаас цонх руу буудаж, улмаар мотоцикль унан зугтсан гэж таамаглаж буй аж. Мөн “Эмч, өвчтөний биед шилний хэлтэрхий орсон, эсвэл суманд оногдсон эсэхийг шалгаж байна” гэж мэдэгджээ.

Цагдаагийн газраас шуудангийн ойролцоо оршин суугчдыг эрх баригчдын байгуулсан байгууламжид хоргодохыг уриалсан байна. Орон нутгийн хэвлэлүүд “Цагдаа нар ойролцоох сургуулийн, 300 орчим хүүхдийг урьдчилан сэргийлэх үүднээс автобусаар гэрт нь хүргэж өгсөн” гэж мэдээлжээ.

Япон улс буу зэвсгийн хяналтын хатуу хуультай ч сүүлийн жилүүдэд буюу 2022 оны долдугаар сард Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөхөд ашигласан зэвсэг зэрэг гар хийцийн зэвсгийн асуудалд санаа зовниж, анхаарал хандуулж эхэлжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу