УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, 100000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ-ын даргаас санаачилга гаргаад, түүнийг нь иргэд дэмжсэн юм байна. Арваннэгдүгээр сар гарчихлаа. Төсөв батлах 14 хоногийн хугацаа үлдлээ. НӨАТ-тай холбоотой хуулийн төсөл орж ирсэн юм уу гэхээр үгүй. Энэ асуудлыг одоо яг яах юм бэ.

Төсвийн байнгын хороо хэлэлцээд, хуулийн төсөл боловсруул гэж байгаа юм уу. Эсвэл Ажлын хэсэг гаргах юм уу. Төсөв өргөн баригдчихсан, хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Хуулийн төслөө боловсруулаад, хууль тогтоомжийн дагуу оруулж ирээд, хэлэлцээд явбал өөр хэрэг. Гэтэл иргэдээс санал авчихаад, шууд Төсвийн байнгын хороонд оруулж ирж гишүүдийг хоёр талцуулаад байх юм. 

Татварыг хөнгөлөх, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдээс санал асуулга авбал 100 мянга байтугай хэдэн мянгаараа дэмжинэ. Татварыг нэмэгдүүлнэ гэвэл хэн ч дэмжихгүй. Ойлгомжтой асуудал. 

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болговол төсөвт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутна. Энэ мөнгийг хаанаас олж ир гэж байгаа юм бэ.  Хөрөнгө оруулалтуудаа хасах юм уу. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь бүх төсвөө ковидод зарцуулсан. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт огт байгаагүй. Энэ жил эдийн засаг сайжирч, хөрөнгө оруулалт хийх боломж үүсээд эхлэхээр НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гээд эхэллээ. Цаг үеийнхээ хувьд хэр оновчтой байна вэ. 

Энэ асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй юм биш үү. Иргэд, олон нийтийн саналыг авсан бол одоо эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, тооцоо судалгаатай хандах хэрэгтэй” гэлээ. 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу