Засгийн газрын өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудыг хийж дууслаа. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах үүргийг бидэнд хүлээлгэсэн. Үүнийг амжилттай байгуулж, хоёр удаа хуралдсан.  

Өнгөрөгч аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээр байгууллаа. Үүнтэй холбогдуулаад аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэж төлөвлөж байна. Мөн их цайны зам буюу БНХАУ, ОХУ, Монгол Улсын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажил хэлэлцээрийн түвшинд ажилттай хийгдлээ. 

2023-2024 онд нийт зургаан удаа баг авч ирэхээр төлөвлөсөн. Энэ сар болон хоёрдугаар сард өвлийн аялал жуулчлалыг сурталчлах инфлүнсерүүдийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын талаар мэдээлэл 500 орчим сая хүнд хүрсэн байна. Мөн 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан түүхэн амжилтыг энэ жил тогтоож чадлаа” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Өнгөрсөн зун инфлүнсерүүд авч ирэхэд хичнээн төгрөг зарцуулсан бэ. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ. Тооцоо, судалгаа хийсэн үү?

-БОАЖЯ-ны аялал жуулчлалын төсөл, хөтөлбөрт 2023 онд 4,9 тэрбум төгрөг тусгагдсан. Инфлүнсерүүдтэй бид шат дараалсан байдлаар ажиллаж байна. Тухайлбал, ирэх жилийн тавдугаар сард “NasSummit” арга хэмжээг дахин хийхээр төлөвлөсөн. Хийж буй контент, түүний үзэлтийн хэмжээгээр гэрээлж ажиллаж байна. Одоогоор нэг тэрбум төгрөгийн зардал гарчихсан байна.

Манай улсад одоогийн байдлаар 600 орчим мянган жуулчин ирсэн. Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2000-2048 ам.долларын орлого оруулж байгаа гэсэн тооцоолол бий. Тэгэхээр нэг тэрбум доллар буюу 3.4 их наяд төгрөг давсан хэмжээний орлогыг улсын төсөвт оруулсан гэсэн үг. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу