Засгийн газрын өнөөдөр (2023.11.01)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “Хоёр сайн мэдээ дуулгая. Нэгдүгээрт, Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрийг өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж дууслаа. Энд ямар нэгэн дахин санхүүжилт байхгүй. Ингэснээр тус банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна. 

Хоёр дахь нь, өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад асуулга тавьж, Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцсэн. Үүнээс хойш бид нөхцөл байдлыг судалж үзлээ. Ирээдүйн өв сангийн тухай хууль 2019 онд батлагдсан. Тус ондоо өмнөх нэг их наяд төгрөгийн зээлийг барагдуулсан. Үүний дараагаас эхэлж хуримтлал бий болсон.

Өнөөдрийн байдлаар 2.8 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Оны эцэст 3.2 их наяд, 2024 онд 4.5 их наяд болох тооцоо гарсан. 2021 онд манай Засгийн газрын үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Ирээдүйн өв сангийн хуримтлал 1.3, төрийн сангийн үлдэгдэл 1.4 орчим их наяд төгрөг байсан. 2024 он гэхэд үлдэгдэл нь гурав дахин нэмэгдэхээр байна.

Хуулиар Ирээдүйн өв санг 2025 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаарлах ёстой. Гэхдээ үр дүн эерэг гарч байгаа учраас энэ хугацааг татаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр төрийн сангаас тусгаарлахаар шийдвэрлэлээ. Үүний тулд хуулийн зохицуулалт шаардлагатай. Тиймээс яаралтай горимоор УИХ-д өргөн барина” гэлээ. 

Тус санг тусгаарласны дараа зарцуулалт хэрхэн хийгдэх талаар сэтгүүлч тодруулахад тэрбээр “Тусгаарлах оныг л нааш татаж байгаа юм. Түүнээс биш 2030 он хүртэл Ирээдүйн өв санг хуримтлуулна гэх заалтад гар хүрэхгүй. Харин ч эсрэгээрээ хадгалахдаа найдвартай байдлаар хадгалах зохицуулалт хийж өгөх ёстой” хэмээн хариулав.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу