Хятад улс санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тавих хяналтаа чангатгахаа мэдэгджээ. Өнгөрсөн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Бээжин хотноо болсон санхүүгийн төв байгууллагуудын хурлаар дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцжээ.

Хятадын төв телевизийн мэдээлэлд “Уулзалтад оролцогчид санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахын тулд санхүүгийн хяналтыг чангатгах нь чухал болохыг онцлон тэмдэглэв” гэж дурджээ. Тодруулбал, жижиг, дунд санхүүгийн байгууллагуудтай холбоотой эрсдэлийг арилгах, орон нутгийн өрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх урт хугацааны механизм бий болгох арга хэмжээг цаг тухайд нь авах шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Уулзалтад оролцогчид үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих нь чухал гэдэгтэй санал нэгджээ. Тус хуралдаанаар хөндсөн өөр нэг асуудал нь “Юаний ханшийн суурь тогтвортой байдлыг боломжийн, тэнцвэртэй түвшинд байлгах” байжээ. Үүний тулд валютын захын менежментийг бэхжүүлэх ёстой гэжээ. Энэ үеэр “авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт хатуу шийтгэл оноох” шаардлагыг онцолсон байна.

Эх сурвалж: CCTV
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу