Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох саналыг “D-өргөдөл” системээр дамжуулан иргэдээс авахад зургаа хүрэхгүй хоногийн хугацаанд 104 мянга орчим хүн дэмжсэн. Ингэснээр УИХ-аар хэлэлцэхээр болсон юм. 

Хуулийн дагуу уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж, УИХ-д ямар байдлаар оруулахаа шийднэ.

Улмаар УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр (2023.11.01) хуралдаж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжтой эсэх талаар судлах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж, Г.Амартүвшин, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын гишүүдийг багтаа оруулсан юм. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх үү гэдгийг эдгээр гишүүд шийднэ.

Тэд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Б.ЖАВХЛАН: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Иргэдээс санал авч эхэлсэн цагаас хойш Сангийн сайд Б.Жавхлан үүнийг эсэргүүцэж яваа. Учир нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болговол төсөвт нэмж 600 тэрбум төгрөг шаардлагатай болно. Ирэх жилийн төсвийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихсэн байгаа энэ үед нэмэх боломжгүй гэж тэр хэлж буй. Энэ тухай байр сууриа хэвлэлд хэд хэдэн удаа илэрхийлснээс анхаарал татсан нь NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үед хэлсэн нь байв. Тодруулбал, тэрбээр “НӨАТ-аараа оролдсон улсуудын хамгийн сүүлийн жишээ нь Шри Ланка. Энэ улс НӨАТ-аа 15 хувь байсныг 8 хувь болгож багасгасан. Үүнээс болж төсвийн орлого нь тасраад, гадаад өр зээлээ төлж чадахгүйд хүрч, дефолт зарласан. Тэгэхээр буцаан олголтыг 5 хувь болгох ямар ч боломж байхгүй” хэмээсэн юм. 

Г.АМАРТҮВШИН: 5 ХУВЬ БОЛГОХ НЬ ИХ ДАРАМТ БОЛНО

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин УИХ-ын чуулганы хоёр долоо хоногийн өмнөх хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр2024 онд НӨАТ-аас 6.4 их наяд төгрөгийн орлого орж ирэх юм билээ. Энэ жил 350 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна. Ирэх жил 400 орчим тэрбумыг олгоно гэж ойлгож байгаа. Одоо санал асуулга явуулаад байгаа 5 хувьд их дарамт болохоор харагдаж байна” гэсэн юм.  Товчхондоо тэр эсрэг байр суурьтай байна. 

Ж.БАТСУУРЬ: БУЦААН ОЛГОЛТ БОЛ ҮР АШИГГҮЙ, ЖОРЛОН РУУ ОРООД ДУУСНА 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мөн л эсрэг байр суурь илэрхийлсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр тэрбээр “Татварыг үе шаттай буулгах ажил бодлогоор хийгдэх ёстой байх. Түүнээс биш төсөв өргөн баригдчихсан хойно буцаан олголт маягаар оруулна гэдэг бол төсвийг бужигнуулсан бүтэлгүй алхам. Саяхан л үндсэн хуульдаа төсөв өргөн барьснаас хойш орлого, зарлагын тэнцлийг хангая. Төсвийг дэндүү бужигнуулаад байна гэсэн агуулгаар  үндсэн хуульд ортол асуудал ярьсан. Гэтэл одоо төсөв өргөн баригдсан хойно 500 тэрбум төгрөгөөр төсвийг бужигнуулж болохгүй. Төсвийн тогтворгүй байдал алдагдана. Ер нь цаашдаа буруу жишиг тогтоно. Төсөв гэдэг бол тусгаар тогтнолын баталгаа шүү дээ. Хэрэв баталж чадахгүй бол УИХ тардаг заалт ч бий. 

Нөгөө талаас хөрөнгө оруулалт хасагдана. Хөрөнгө оруулалт бол газар дээр үлдэнэ. Буцаан олголт бол хаашаа, хэн рүү орж байгаа нь ч мэдэгдэхгүй, үр ашиггүй, жорлон руу ороод дуусна” хэмээсэн юм. 

Ц.САНДАГ-ОЧИР: ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖ ҮҮСЭЭД ЭХЛЭХЭЭР НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ НЭМНЭ ГЭЭД ЭХЛЭХ ЮМ

УИХ-ын  гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр эл асуудлыг мөн  л эсэргүүцэж байгаа харагдсан. Тэрбээр Татварыг хөнгөлөх, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдээс санал асуулга авбал 100 мянга байтугай хэдэн мянгаараа дэмжинэ. Татварыг нэмэгдүүлнэ гэвэл хэн ч дэмжихгүй. Ойлгомжтой асуудал. 

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болговол төсөвт 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр дутна. Энэ мөнгийг хаанаас олж ир гэж байгаа юм бэ.  Хөрөнгө оруулалтуудаа хасах юм уу. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хоёрт нь бүх төсвөө ковидод зарцуулсан. 2023 онд шинэ хөрөнгө оруулалт огт байгаагүй. Энэ жил эдийн засаг сайжирч, хөрөнгө оруулалт хийх боломж үүсээд эхлэхээр НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гээд эхэллээ. Цаг үеийнхээ хувьд хэр оновчтой байна вэ. 

Энэ асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй юм биш үү” хэмээн хэлсэн юм. 

Г.ТЭМҮҮЛЭН: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭХЭЭС ИЛҮҮ ААНОАТ, НДШ-ИЙГ БУУРУУЛАХ НЬ ҮР ӨГӨӨЖТЭЙ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эл асуулалд олон нийтээс санал авч эхлэх үед байр сууриа илэрхийлэхдээ аль нэг талыг барьсан үг хэлээгүй. Харин өчигдөр тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгөөр ААНОАТ-ыг гурван хувь болгож болно.  НДШ-ийг 3.5 хувь болгон бууруулах боломжтой. Тэгэхээр энэ асуудлыг иргэдийн саналд тулгуурлаж шийдэх биш судалгаанд суурилж бодлоготойгоор хийх ёстой” хэмээн хэвлэлд ярьжээ. 

Ж.БАТЖАРГАЛ: НӨАТ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫН ГУРАВНЫ НЭГИЙГ БҮРДҮҮЛДЭГ. ТИЙМЭЭС ТООЦОО, СУДАЛГААТАЙ ШИЙДЭХ ЁСТОЙ 

Ж.Батжаргал: Иргэдийн санал бодлыг сонсох нь зөв. Гэхдээ тооцоо, судалгаанд тулгуурлаж асуудлыг шийдэх ёстой. Улсын төсвийн орлогын гуравны нэг орчмыг бүрдүүлж байгаа орлого. Тийм учраас би тооцоолол харж байж л байр сууриа илэрхийлнэ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор одоогийн байдлаар уг асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хэдэн тэнэгүүд.Өөрсдөө хэдэн тэр бумаар иднэ.Ард иргэдэдээ болохоор хуц л гэнээ.Муу нохойнууд

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу