Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр (2023.11.01) Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд 11:00 цагт эхэлсэн.

Шүүх хурал өдрийн турш үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. 

Тодруулбал, Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон 9 жил 6 сарын хорих ялыг найман жил нэг сар болгон бууруулсан байна. 

Харин 8 жилийн хорих ял оноосон Б.Отгонбаатар ламыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Улмаар 2023 оны долдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон.

Ц.Хулан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан. Улмаар шүүх хурал аравдугаар сарын 10-нд товлогдсон ч Ц.Хулангийн хүсэлтээр хоёр удаа хойшилсон юм. 

Түүний хорих ангиас бичсэн захидлыг ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу