УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Байраа томруулах, өргөтгөл хийх боломжтой эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн газрыг хувийн хэвшлүүд авчихсан байна. Үүнээс болоод төсөвт өртөг өсөөд байна. Улаанбаатар хотоос төсвийг нь гаргаж барья гэхээр төсөвт өртгийг нь өндөр хэлдэг. Одоогийн байдлаар зургаан эмнэлэг газраа хувийн эмнэлгүүдэд алдсан байна. Захирлууд нь ажилчдын орон сууц барина гэдэг нэрээр авдаг. Энэ нь яваандаа хувийн эмнэлэг болдог. Мэргэжлээрээ далимдуулж, эсвэл өвчин ярьж байгаад өөрсдийнхөө эрх ашгийг бодсон зүйл хийдэг байдал хэзээ арилах вэ.

Хавдрын эмнэлгийн төсвийг байнга ярьж байна. Төсөв нь өдөр тутам өсөөд байна. Дөрөвдүгээр сард 90 сая ам.доллар байсан бол одоо 178 сая долларын өртөгтэй гэж байна. Бариулахгүй байх сонирхол байгаа юм уу, эсвэл эмнэлгийн тоног төхөөрөмжийнх нь өртөг өдрөөр өсөөд байдаг болчихсон юм уу. Нэг тэрбум төгрөгөөр зураг төсөв гаргана гэчихээд дахиад хоёр тэрбум төгрөг өгвөл зургийг чинь дуусгана гээд сууж байна. Зураг төсөв хийх өртгийг яаж тооцоод байгаа юм бэ. 

Газар олголттой холбоотой асуудлаар би хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Гэтэл байнгын хороон дээр унасан. Гишүүд дэмжээд өгөөч.

Төрийн өмчийн газар дээр барилга барьж байгаа хүн хууль бус гэдгээ мэдэж барьдаг. Ямар нэгэн байдлаар эмнэлгийн дарга, газрын албатай хуйвалдаж байгаа. “Шүүхээр яваад эцэслээд нураатал өдий дөө” гэж бодож ийм зүйл хийж байгаа шүү. Барилгыг хууль бусаар барьсан нь шүүхээр тогтоогдвол төрд хурааж авдаг зохицуулалттай болох хэрэгтэй байна

С.Чинзориг сайд аа, эрүүл мэндийн салбартаа анхаарахгүй бол гурав дахь шатлалын эмнэлгүүд чинь элгээрээ хэвтчихсэн байна шүү. Яах юм бэ. УНТЭ, Гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Эх нялхас, Арьсны өвчин судлалын төв, дүүргүүдийн гурван эрүүл мэндийн төвийн газрууд чинь хувийнхны гарт оччихсон. Өргөтгөл хийх боломжгүй байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу